Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монголын төрд үлдээсэн арван өв

2017-07-17 13:10:30

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн түүхийг дүгнэн бичих, эс бол шүүмжлэн хэлэлцэх цаг хугацаа ирээдүй цагт бий. Гэхдээ найман жилийн турш эдэлсэн эрх ямба, эрх мэдэл хийгээд Монгол Улсын хөгжилд, тэр дундаа Ерөнхийлөгчийн засаглалын үнэлэмжийг өргөхийн тулд хийсэн санал санаачилга, шийдвэр бүрийг нь та бид ирээдүй цагт булааж, эс бол үгүйсгэж чадахгүй. Учир нь, тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож, Төрийн тэргүүн хэмээх эрхэм хүндтэй алдарыг адлагдаж буруушаагдахын хүнд бэрхтэй хамтад нь өөртөө үлдээн суудлаасаа хүндэтгэлтэйгээр буулаа. Ардчилсан хувьсгалыг Монголд эхлүүлсэн цэл залуу насныхаа түүхийг сэвтээхгүй, ээдрүүлэхгүй гэсэндээ ардчилсан Ерөнхийлөгч байх гэж чадлаараа хичээсэн нь ч лавтай. УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс сайн дураараа татгалзаж, Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёронтоо ажиллаж, Ардчилсан намыг Монголын хоёр том улс төрийн хүчин болтол нь төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж, удирдаж ч явсан. Үндсэндээ түүний өнгөрсөн 27 жилийн ажил, амьдралын түүх Монгол Улсын ардчиллын түүхийн гэрэл, сүүдэр хоёрын аль алинд нь хамтдаа бичигдэнэ. Магадгүй Ерөнхийлөгчөөс буугаад “Монголоосоо явахгүй ээ” гэж хэлсэн түүний үг ирээдүйд улс төрийн амьдралыг хол бус харин ойроос ажиглаж, улстөрчийнхөө хувиар шинэ түүхийн эхлэлийг тавих сонирхлынх нь илэрхийлэл байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь, тэр бол Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгч байсан юм. Иймд албанаасаа буусан цаг хугацааных нь ойрмог дээр, алдар хүндээ хүлээлгэж өгсөн эгэл иргэнийх нь амьдралын шинэ дээр түүний Монголын төрд үлдээсэн арван өвийг тодотгон хүргэе. Мэдээж, өнгөрсөн найман жилийн турш хийж хэрэгжүүлсэн бүхэн нь арвын тоогоор хэмжигдэхгүй ч гэлээ шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл хэргийн хэмжүүр, шийдвэр тушаалын дэг болоосой гэж хүссэндээ ийн тодотгож буй хэрэг ээ.

1. АСЕМ

Тэрбээр Ази Европын дээд хэмжээний чуулга уулзалт болох АСЕМ-ийг зохион байгуулах эрхийг амжилттай авч, бас амжилттай зохион байгуулж чадснаараа Монгол Улсыг дэлхийд таниулж, сурталчилж чадсан. Зөвхөн энэ ч бус гол нь Ази Европын эдийн засаг, улс төрийн харилцаанд төв тоглогч, зуучлагч, холбогч болж чадахыг анх удаа олон улсад таниулж чадсан юм. Европын холбооны Ерөнхийлөгч Дональд Туск, БНСловак улсын Ерөнхий сайд Роберт Фицо, Мьянмарын холбооны бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ХБНГУ-ын кацлер Ангела Маркел, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пан Гин Хэ гээд дэлхийн 10 гаруй орны төрийн тэргүүн, 20 гаруй улсын гадаад харилцааны сайд нар Монголд цуглуулсан. Энэ үеэр Хойд Солонгосын асуудал, Украйн-Оросын харилцаа, Туркт төрийн эргэлт зохион байгуулахаар завдсан гээд олон асуудлаар дэлхийн удирдагчид хэлэлцээр, яриа өрнүүлсэн. Мөн Хятадын талаас 38 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн, Сингапурт 30 хоног визгүй зорчино, Япон улс ерөнхий боловсролын жишиг сургууль барих асуудлаар хамтран ажиллана, Итали Улс Монголд Элчин сайдын яамаа нээсэн, Европын холбооны тарифын хөнгөлөлтийг бүрэн ашиглах эрхийг нээсэн гээд олон олон эдийн засгийн үр өгөөжтэй шийдвэр гаргаснаа зочид, төлөөлөгчид манай талд амлаж, зарлаж, баталж, өдгөө ажил хэрэг болоод явж буй.

2. Шилэн дансны тухай хууль

Төрийн мөнгө хаашаа урсдаг вэ… Шилэн дансны тухай хуулийн төслийг батлахаас өмнө та бид энэ асуултын хариултыг мэддэггүй, бүр мэдэх ч эрхгүй байлаа. Харин энэ хууль батлагдснаар төрийн байгууллагууд бичгийн цаас, бэлэг дурсгал авснаас эхлээд аялал, томилолт, урсгал зардал гээд мөнгө гаргаж буй зарлага бүхнээ олон нийтэд нээлттэйгээр мэдээллэдэг болсон. Бүр интернэтэд албан ёсоор байршуулж, иргэдийн тодруулсан асуултад ч хариулт өгөх үүрэгтэй болсон. Үүний хүчинд төсвийн мөнгө захиран зарцуулагч 5000 дарга, төрийн өмчит болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн 360 газрын захирал, төртэй худалдан авалт хийсэн 20 мянга гаруй аж ахуйн нэгж тайлангаа нээлттэй тавих үүрэг хүлээсэн. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол Шилэн дансны тухай хуулийн хүрээнд хариуцлага хүлээнэ. Гол нь Ерөнхийлөгчийн энэ санаачилга зөвхөн төрд бус айл өрхөд, гэр бүлд ч тодорхой үр өгөөжөө өгч, тоглоом наргиа мэт харагдах ч эцсийн бүлэгт гэр бүлийн гишүүдийг ч хариуцлагажихад дэм өгсөн сайн талтай.

3. Тамирчдын урамшуулал

Олимпийн наадам, олимпийн спортын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн урамшуулал олгох зарлигт тэрбээр 2012 оны наймдугаар сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар гарын үсэг зурсан. Хэдийгээр энэ шийдвэр нь зарим иргэдийн зүгээс шүүмжлэлтэй тулгардаг ч Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд таниулан сурталчилж, зөвхөн амжилтаар буухиалж, амжилтаараа буухиалж явдаг тамирчдын хувьд хамгийн талархалтай шийдвэр болж өгсөн юм. Мэдээж олонх иргэдийн хувьд ч энэ шийдвэрийг хүндэтгэн, дэмжсэн нь тодорхой. Үүнийг дагаад хүүхэд багачуудаа спортоор хичээллүүлэх, дэлхийн энтэй тамирчин болгох эцэг, эхчүүдийн санаачилга арвижиж, тэр хэрээр эрүүл чийрэг монгол хүнийг төлөвшүүлэх хамгийн том хөшүүрэг болсон гэдэгтэй маргах аргагүй ээ.

4. Орос, Монгол, Хятад гурвын улсын төрийн тэргүүний уулзалт

Энэ уулзалтыг зохион байгуулах нь Монгол, Орос, Хятад гэсэн гурван орны алинд нь зохион байгуулах вэ, ямар асуудал ярилцах вэ, гар барих дэг жаяг гэдгээс эхлээд бэрхшээлтэй, хүндрэлтэй зүйлс олон байсан тухай дурсамж байдаг. Гэсэн ч бүхэл бүтэн 100 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар гурван орны төрийн тэргүүн оролцсон “Улаанбаатарын уулзалт”-ыг Тажикистан улсын нийслэл Душанбе хотноо амжилттай зохион байгуулсан байдаг. Зөвхөн нэг удаа ч бус энэ уулзалт 2014 оноос хойш гурван ч удаа болсон. Мөн төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнг баталгаажуулах гурван орны Гадаад харилцааны сайд нарын уулзалт ч жил бүр болж байх албан ёсны зохион байгуулалтад орсон нь хоёр хөрштэйгээ найрсаг орших, харилцан ашигтай хамтран ажиллах гээд олон үр ашигтай санал санаачилгыг ажил хэрэг болгох шинэ алхам болсон байдаг.

5. Монгол эх хэлний тайлбар толь

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэн, Физик технологийн хүрээлэнгийн информатикийн салбарын судлаачид хамтран 60 мянга гаруй толгой үг, 80 мянга гаруй холбоо үгийг багтаасан “Монгол хэлний их тайлбар толь”-ийг энэ онд бүтээсэн юм. Үүнийг багтаасан гар утасны аппликейшнийг ч гаргасан байгаа. Мөн тэрбээр Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гаргаж, “Мөн тэнгэрийн бичиг”, “Бичиг соёл” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгүүдийг ивээлдээ авч зохион байгуулж, Хэлний бодлогын зөвлөлийг дэргэдээ байгуулсан байдаг. Энэ бүхэн нь монгол хүнд монгол хэлний хөгжил, үнэн зөв дүрмийг ярих хэрэггүй мэт санагдах ч эцсийн бүлэгтээ тэрбээр Монголоо Монголоор нь авч үлдэх зорилгын дор өөрийн зүгээс санаачилсан нь мэдээж. Тиймээс ч жил ирэх бүр түүний санаачилгыг дэмжсэн арван жилийн сурагчид монгол бичгийн уран бичлэгийн төрлөөр хичээллэж, Монголоо сурталчлах, үнэт өв соёлоо ирээдүй хойчид өвлүүлэн үлдээхэд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэх болсон байдаг. “Монгол судлалыг дэмжих сан”-г байгуулж, Олон улсын монголч эрдэмтдийг их хурлыг өөрийн ивээл дор зохион байгуулж, дэлхийн монголч эрдэмтдийн талархлыг хүлээсэн удаатай.

6.Дэлхийн шилдэг 100 сургуульд тэтгэлгээр суралцах эрх

Монгол Улсын ирээдүйг харсан түүний Ерөнхийлөгчийн хувиар гаргасан өөр нэг үр дүнтэй санаачилга бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of Word Universites" жагсаалтын эхний 100-д багтсан их сургуульд элссэн оюутнуудад Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцах боломж олгосон явдал юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд уг сангийн шугамаар 250 гаруй оюутан суралцаж байна. Харамсалтай нь, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан тодорхой хугацаанд уг тэтгэлгийг зогсоох шийдвэрийг гаргасан. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс боловсролтой монгол хүнийг дэмжих зорилго дор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн энэ зарлигийг дахин хэрэгжүүлэх бодлого барьж ажиллахыг хүсье. Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эмч, судлаач эрдэмтэн нарыг 2011 оноос хойш тодруулж, эрдэм судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлдэг болсон нь боловсрол, шинжлэх ухааны салбарт түүний эхлүүлсэн бодитой, үр дүнтэй санаачилгууд болж чадсан юм. 

7. Шүүхийн хаалгыг нээв

Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль Шүүхийн захиргааны тухай хууль, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль гээд зургаан хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсан бөгөөд ингэснээрээ Монгол Улсын шүүхийн багц шинэчлэлийг хийсэн анхны Ерөнхийлөгч болсон түүхтэй. Хэдийгээр хэрэгжих шатандаа алдаа дутагдал гарсан байх талтай ч Ерөнхийлөгчийн санаачилгаар шүүхийн багц хуулийг шинэчилж, 20 жилийн дараа анх удаа шүүхийн захиргааг бие даасан зохион байгуулалтад оруулсныг нь онцлоё. Үүний үр дүнд Шүүхийн ерөнхий зөвлөл үүд хаалгаа нээж, шүүхийн төсвийг УИХ-д шууд өргөн барьдаг, ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулсан юм.

8. Мод тарих үндэсний өдөр

Байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр олон санаачилга гаргасны нэг нь буюу жил жилийн хавар олон нийтийг уриалан дууддаг гол санаачилга нь “Мод тарих үндэсний өдөр”-ийг тунхагласан явдал юм. Тэрбээр энэ өдөр хүн бүрийг мод тарих зарлиг гаргасан бөгөөд одоогийн байдлаар уг өдрийн хүрээнд 10 сая гаруй мод тарьсан мэдээлэл байдаг. Гол нь түүний санаачилга бүхэн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, түүнийг нь дэмжсэн олны дэмжлэг бодит үйл хэрэг болж байсныг гэрчлэх нэг жишээ нь энэ юм.

9. Цаатан иргэдийг төрөөс дэмждэг боллоо

Монгол Улс бол олон угсаатан ястны өлгий нутаг. Гэсэн ч угсаатан ястны өлгий нутаг болсон бүс нутаг руу, цаашлаад хүн ард руу нь чиглэсэн бодлого өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжсэн нь үгүй. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт оршиж, цаа буга маллан тайгад амьдарч буй уйгар угсааны тува, цаатан иргэдийн амьдралыг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, цаа бугын аж ахуйг сэргээх ажил эхэлсэн байдаг. Энэ хүрээнд цаатан иргэдийн хүүхдүүд төрөлх тува хэлээрээ суралцах боломж нээгдэж, сар бүр тэтгэмж авдаг болсон байна.

10. “Оюутан цэрэг” хөтөлбөр

Одоогоос дөрвөн жилийн өмнөөс түүний санаачилгаар “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Анхны жилдээ 418 оюутан хамрагдаж байсан бол жил ирэх бүр тоо нь өссөөр мянга хол гаруй оюутан энэ хөтөлбөрт хамрагдах болжээ.

Ийнхүү түүний хийж хэрэгжүүлсэн санаачилга бүхнээс үр дүнтэй, тэр дундаа иргэнлэг, улс төрийн үр ашиггүй гагцхүү Монголдоо хэргээ, тусаа өгсөн онцлох арван ажлыг нь ийн онцлоё. Гол нь, иргэд рүү чиглэсэн эдгээр ажил уламжлалтай, үргэлжлэлтэй байг хэмээн ерөөе.

"Үндэсний шуудан" сонин Г.ОТГОНЖАРГАЛ

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Энэ юу вэ      ip : 27.123.214.113 2017-07-17 21:08:54
Үхсэн баас жилд ганцхан ажил санаачлан хийгээ юу? Арай ч дээ

Lkhagvajav      ip : 203.169.50.131 2017-07-17 14:39:52
Хошогруулж байхад чинь л чамайг зайлуулж байдаг байж. 8 жил Монголын ард түмний толгой дээр зайдагнаж худлаа шаалаа. Одоо новш минь хуцалгүй зайл зүгээр. Адгын тэнэг мал ч 8 жил энэ хэдэн юмыг чинь хийсэн царайлж болно.





(0/800)