Би сэтгүүлч. Намайг Ганбаатарын Отгонжаргал гэдэг. Сэтгүүл зүйн мэргэжлийг эзэмшсэн цагаас хойш арав гаруй жилийн турш энэ салбарын гал голомтод нэг цучил нэмж, аав, ээжийнхээ бүтээсэн бүтэн түүхийг сэвтээхгүй гэсэндээ үнэн зөв хийгээд хүн чанарт баригдаж ажиллаж ирлээ. Ердөө л арав гаруйн жилийн ажил мэргэжлийн түүхээ ийн дүгнэх нь насаараа сэтгүүл зүйн гал тогоонд чанагдаж буй ахмад буурлуудад хөнгөн дүгнэлт, хуумгай хөөрөгдөл мэт санагдаж болно. Гэсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгөрсөн 20 гаруй хоногийн үйл явдал гуниг харуусал, уур бухимдал, ичиж айх мэдрэмжийг хөглөхөөс илүүтэй хөглөрүүлж орхисонд эмгэнэл илэрхийлэхийг хүсэв. Учир нь, нийтлэлийн гарчигт тодотгосончлон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын сэтгүүлчдийн ёс зүйн доройтол хамтдаа уралдаж, бүр урцалдаж дууслаа. Хэрэв үүнийг хүлээн зөвшөөрч, одоо л хэрхэн засч залруулах вэ гэдэг арга ухааныг бодож, шийдлийг олохгүй бол та бид “Сэтгүүлчид секундийн найз” гэсэн аймшигт дүгнэлтийг үнэн болохыг баталж, ирээдүй цаг хугацаанд гутамшиг бүхнийг нүүрэндээ зүүж туулах нь ээ. Иймийн учир зориг, зарчим гэсэн хоёр үнэт зүйлд тулгуурлан дараах тэмдэглэлийг бичиж сууна.
Хамтын ажиллагааны гэрээ хийгээд улайрал
Ардчилсан Монгол Улсын түүхэнд болж өнгөрсөн, цаашид ч болох шат, шатны сонгуульд сэтгүүлчид хамгийн том нөлөө бүхий оролцогч байх нь үнэн. Та бидний бичсэн нийтлэл, бэлтгэсэн ярилцлага бүхнээр тухайн улстөрч, бизнесмэн, ард иргэдийн хэн болохыг мэдэх боломж олон нийтэд тохиодог. Энэ давуу талаа ашиглан аль нэгэн улстөрч, улс төрийн намын бодлого, шийдвэр, алсын харааг дэмжиж ажиллах боломж ч нээлттэй олддог. Тэр хэрээр амьдралд дэм болохуйц санхүүгийн гэрээнд гарын үсэг зурах тохиолдол бий. Гэхдээ энэ нь өрсөлдөгчдийг нь гутаан доромжилж, тэднийг хүний тооноос, тэр дундаа амьдралыг нь сүйрүүлэх улайрал биш юм. Гэтэл зөвхөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар юу болж хувирав. Хятадын эрлийз, Оросын гар хөл гэсэн хоёр туйл руу та бид олон нийтийн санаа бодлыг ямар ч бодол, хүндэтгэлгүйгээр хөрвүүллээ. Тэр ч бүү хэл, өвчний эмгэгтэй нэр дэвшигчийн хүүхдийг биеийн жин, гадаад үзэмжээр нь гутаан доромжиллоо. Хар тамхины хэрэгт орооцолдсон 10 гаруй залуусаас зөвхөн нэр дэвшигчийн хүүхдийг, бүр бага залуу насандаа гэр бүл холбож явсан анхны эхнэрийнх нь өөр аавтай хүүхдийг нь хүртэл гаргаж ирж, нийгмийн эсрэг гэмт хэрэгтэн болголоо. Ингэхдээ зөвхөн нэр дэвшигчийн хүүхдийг онцолсноос бусад бусад хүүхдүүдийн аав, ээжийн нэрийг мөрдөн байцаах ажиллагааны нууц хэмээн тодотгож зарлахаас зайлсхийв. Хар тамхины хэрэг нийгмийн эсрэг чиглэсэн аюултай үйлдэл ч гэлээ энэ нь аав хүний хувьд хүүхдээ түлхэж оруулсан хэрэг биш байж таараа. Гэтэл бид сэтгүүл зүйн нэр хүндээ ашиглаж, бусдын хүүхдийн хүндийн жин, өдүүлсэн гэмт хэргээр нь улс төрийн тэмцэлд ташуур нэмж, гал асаасандаа яагаад эмзэглэхгүй байна вэ. Бусдын ор хөнжлийн маргаан руу толгойгоо шургалуулж, хохирогч бүсгүйг яллах ярилцлага бэлтгэж, түүнийгээ сошиалд тараадаг сэтгүүлч байгаад эмгэнэл илэрхийлье. Гомдол, харууслыг үл тоож, эрх мэдэлтнийг өмгөөллөө, өмгөөллөө гэхэд та бид “Бараг л биеэ үнэлэгч шүү дээ” гэсэн ярилцлага бэлтгээд сууж байна гэдэгт яг үнэндээ хэсэг хугацаанд нүдэндээ ч, чихэндээ ч итгэсэнгүй. Итгэхийг хүсэхгүй байсан тэр эргэлзээг тайлж, сошиалд давтан давтан өмгөөлж суугааг нь хараад огиудас хүрсэн гэж юу гэхэв. Яагаад та бид өөрийнхөө гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалдаг шигээ ингэж бусдын гэр бүлийг хүндэтгэх чадваргүй болтлоо, сэтгүүл зүй ийн доройтов. Насаараа хооллох мөнгө байлаа, байлаа гээд ингэж бүхэл бүтэн дөрөвдэх засаглалыг өөрийнхөө эрх ашгийг түрүүнд тавьж доромжлох эрх та бүхэнд хэн өгөв. Үүний хариулт нь ердөө л хамтын ажиллагааны гэрээ. Гэрээний төлбөрт барьсан хувь сэтгүүлчийн хэтрүүлэгтэй гүйцэтгэл. Өрөөлийн амьдралыг нулимстай хутгачихаад өөрийгөө сэтгүүлч гэж яаж хэлж чадах вэ, та нар шиг.
Дуу хураагч барих эрхийг минь эргүүлж өгөөч
Ичиж байна… Та нараас. Мөн өөрөөсөө. Хэн нэгний өмнө ярилцлага авах гэж суухаасаа, дуу хураагч ажиллуулж эхлүүлэхээсээ, “Ний нуугүй ярихад” гэж хэлдэг ярилцагчийнхаа үгийг тэмдэглэж үлдээхээсээ… Яагаад гэвэл сэтгүүлчид, зураглаачид хальсанд буусан дүрсээ, хальсанд буусан яриагаа өнгөрсөн 20 хоногийн турш хангалттай олон удаа худалдлаа. Мэргэжлийн ёс зүй гээч юм хаана үлдсэн юм бэ. Мэргэжлийн үнэт зүйл, итгэл даах чадвар гээчийгээ та бид хаана гээчихэв ээ. Эргэж харах нүүртэй байх гэдэг ажлын итгэл үнэмшлээ хэдэн төгрөгний төлөө худалдчихав аа. Үүнээс чинь болж зөвхөн би ч бус та бүхнээс бусад бүх сэтгүүлчид ярилцлага авахаас, үгэн дундаа унагасан гэм мэт үгсийг нь хадгалж суухаасаа ч айж байна. Үгүй ядах нь ээ, эргээд ярилцлага өгөх улстөрч, нийгмийн зүтгэлтэн, бизнесмэн, жирийн иргэд олдоход хэцүү болох нь. Сэтгүүлчийн ажил гэдэг зөвхөн тухай хүний хичээл зүтгэл, өөрийнх нь бодож бичсэн нийтлэлээс бүрддэг юм биш. Сайн, муу ч гэсэн ярилцагч хүний үг, үйлдлээс бүтдэг юм. Харин тэд бидэнд итгэхгүй бол цаашид яаж ажил хийх болж байна. Яаж сониноо, телевизээ, сайтаа ажиллуулах юм бэ. Харамсалтай нь, бусдын энэ итгэлийг худалдагсад, хулгайчид устгачихлаа. Хууль, хүчний байгууллагын төлөөлөл хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүнд хатуу шаардлагын дор авдаг байхад та бид өмнөөс нь инээж, ярилцаж сууж байгаад хийдэг боллоо. Энэ мэт үйлдлээрээ бүхэл бүтэн сэтгүүл зүйн салбарыг харлуулж, бид бүхнийг хэн ч биш, хог шаар болгосонд та бүхнийг харамсалтай нь яллаж чадах эрх бидэнд байхгүйд өөртөө гоморхож сууна. Ядаж, дүрэм журам, гоё сайхан тунхаглал ярьж суухаас хэтэрдэггүй Монголын хэвлэл мэдээллийн Ёс зүйн зөвлөлийг энэ өдрөөс хойш ажлаа идэвхтэй, бас үүрэг хариуцлагаа эрхэмлэж ажиллахыг ерөөе. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хэмээх урд хөрш рүү сэтгүүлчдийн аялал зохион байгуулж, дарга нарын найрын ширээнд хүндэтгэлийн суудалд суухаас өөрийг хийдэггүй төв байгууллагаа хатуу зарчимтай, эрхэм ёс зүйтэй ажиллахыг хүсье. Харин тэр үед хүсэл хүзүүгээр татлаа гэж гомдоллохгүй гэдгээ амлая. Эргээд Эрүүгийн хуулийг чангатгах шаардлагыг та бидний алдаа, улайрал, түгээн тарааж буй гүтгэлэг, доромжлол бүхэн нотолж өглөө. Иймд элдэв өмгөөлөлгүйгээр хариуцлага тооцох хуулийн заалтыг эргэж авчрах алхмыг бүгдээрээ эхлүүлье. Хог новш, өргөс, үртэс бүхнийг дундаасаа түүж, зулгааж хаяцгаая… Шударгаар!
Үзэг бол байлдааны зэвсэг биш
Талцал. Нам дагасан сэтгүүлчдийн армид элсэх, элсэхийг хүсэх нь хувь сэтгүүлчийн сонголт. Түүнийгээ дагаж амжилттай карьер хийсэн олон жишээ бий. Цаашид ч амжилт олох олон сайн сэтгүүлч байгаа. Тэдний амжилтыг, бодлыг буруутгах эрх бидэнд байхгүй. Гэхдээ нам дагана гэдэг нь, хэн нэгэн улстөрчийг дэмжинэ гэдэг нь бусад руугаа хуруугаараа чичилж, нүдийг нь ухах тухай яриа биш юм. Гэтэл та бид салбараараа өөр хоорондоо талцаж, эргэж уулзах нүүргүй болтлоо доромжиллоо. Үзэл бодол нь Х.Баттулгыг дэмжиж, үнэт зүйл нь М.Энхболдыг хүндэтгэсэн байлаа гээд эсрэгцэж дайсагнах шалтгаан бидэнд юу байв. Яагаад “Үзэг бол бол байлдааны зэвсэг биш” гэж бичих хүртлээ дотроо жирийн сэтгүүлчид бид шаналав. Яг л улай үзсэн хэрээ шиг нэг нэгнээ улаан, цэнхэр батлахаар нь чичилж, доромжилж, бүхэл бүтэн ангийн дайсан болгож харагдуулахыг хүсэв. Тэр бүхэн нь эргээд хувь сэтгүүлчдийн гэхээс илүүтэй худалдагдсан сэтгүүл зүйг Монголын сэтгүүл зүй болгож харагдуулах сүүдэр болж үлдлээ. Үлдэгдэл дээр нь харин улстөрчид, нийгмийн анти үзэлтнүүд өнөөдөр, маргааш, бүр ирээдүйд найрлаж таараа. Тэд ингэхдээ юу гэж хэлнэ гээч. “Танай сэтгүүлчид новш шүү дээ. Сэтгүүл зүй угаасаа дампуурсан” гэнэ. Ийм үг сонсох гэмгүй бидэнд тэгээд сайхан байх уу. Сайхан байхгүй учраас бухимдсандаа, гомдсондоо бичиж сууна. Ядаж л, улстөрчийн найрын ширээнд үлдээсэн дурсамж, хамт хуваалцсан хөнжлийнхөө түүхийг битгий сэтгүүл зүйд нялзаа. Сэтгүүл зүй гэдэг энэ талбарт улстөрчийн найрын ширээнд тухлахаас илүүтэй халуурсан хүүхдэдээ эм, хайртай аав, ээждээ сүү ч авч өгч хүчрэхгүй шаналж яваа мянга, мянган сэтгүүлчид байдаг юм. Гутлынхаа улыг эргэтэл алхаад алхаад, шударга ёсны эрэлд хатаад хатаад алдар нэргүй, амьдрал нь бөхөж яваа түм буман буурлууд ч бий. Золиос нь тэд болохоос бус харин улстөрчдийн хүсэл тачаалын төлөө хормойгоо дэрвэлзүүлж, тэдний эрх ашгийн төлөө дурангаа чиглүүлж, тэдний мөрөөдлийн төлөө үгээ хурцалж, шүдээ зэвсэглэдэг та нар бол биш юм. /нэр бүхий сэтгүүлчид/.
Тиймээс шинэ цагийн од болсон боолууд минь сэтгүүл зүйгээс гараа, дураа, мөрөөдлөө татацгаа. Та нарын балгаас болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын сэтгүүлчдийн ёс зүйн доройтол дагаж уралдсан сэтгүүл зүйн түүхэнд байгаагүй сонгууль боллоо, энэ өдрүүдэд.
“Үндэсний шуудан” сонин Г.ОТГОНЖАРГАЛ
Би ч гэсэн сэтгүүлч. Би энэ ажлыг 30 гаруй жил хийж байна. 2000 оноос хойш сэтгүүлчид өөрсдийн үзэл баримтлал гэдгээ худалдаж эхэлсэн шүү дээ. Ялангуяа залуу сэтгүүлчид. Мөнгөөр юу ч хийхээс буцахгүй. Ядаж байхад энэ олон сонин, телевиз. Бүгд цалингийн нь олигтой өгөхгүй. ТИйм болохоор л бүгд амьдрахын эрхээр худалдагдаж, хүнийг гүтгэж, доромжилж байдаг болсон. Уул нь сэтгүүлчийн мэргэжил хичнээн сайхан гэж бодноо. Гол ажил мэргэжилдээ тууштай үнэнч, шудрага байх явдал чухал юм._
биш шүү дээ. тэгвэл Дорэ Дулмаа нарыг сэтгүүлч гээд нэрлээч дээ
Бусдыгаа чи муухай гээд чи тодорч харагдахгүй хөгшөөн. Яг ярих юм бол чи ч баба. Чамайг би мэднэ. Чи ч гэрээ хийчихээд орлогын ордероо бичээд оочирлоол зогсож бсан чи ч үзгээ худалдаал юм бичдэг би уншиж ч бсан мөнгө авахыг чинь ч мэддэг.
Гантулгыг өмөөрөөд мөнгө авсан гэж чи сэтгэв үү? Үгүй юмаа хөгшөөн, хүчиндүүлсэн гээд байгаа эгч, хоёрын дэндүү муу муухай нь давамгайлсан байсынм. Тэд сэтгүүлчийн нэр барьж гишүүдтэй уулздаг, заримтай нь уулзаад буудалд бгаа бичлэг нь ч бн лээ удахгүй задрах биз, тэд сэтгүүлчийн нэр бариад залилан хийдэг тэр нь цагдаа дээр шалгагдаж бгаа юм бн лээ, тэд олон ч гэр бүл үймүүлсэн уйлаад ярьж байгаа эмэгтэйтэй ч уулзсан.
Магадгүй би Гантулгыг өмөөрч бн гэж нүүрэн дээрээ харагдах ч чиний өмгөөлөөд байгаа сэтгүүлчийн нэр хүндийг хайрлаж ингэж зэвүүцсэн юм.
Гантулгыг өмөөрөөд мөнгө авсан гэж чи сэтгэв үү? Үгүй юмаа хөгшөөн, хүчиндүүлсэн гээд байгаа эгч, хоёрын дэндүү муу муухай нь давамгайлсан байсынм. Тэд сэтгүүлчийн нэр барьж гишүүдтэй уулздаг, заримтай нь уулзаад буудалд бгаа бичлэг нь ч бн лээ удахгүй задрах биз, тэд сэтгүүлчийн нэр бариад залилан хийдэг тэр нь цагдаа дээр шалгагдаж бгаа юм бн лээ, тэд олон ч гэр бүл үймүүлсэн уйлаад ярьж байгаа эмэгтэйтэй ч уулзсан.
Магадгүй би Гантулгыг өмөөрч бн гэж нүүрэн дээрээ харагдах ч чиний өмгөөлөөд байгаа сэтгүүлчийн нэр хүндийг хайрлаж ингэж зэвүүцсэн юм.