Т.Тамир: МИАТ 2020 онд хамгийн залуу парктай агаарын тээврийн компани болно

2017-07-06 17:09:44

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой олон эерэг мэдээлэл сүүлийн үед олонд түгж буй. Улаанбаатараас-Пусаны чиглэлд шууд нислэг хийдэг болсон, шинэ онгоц түрээсэлсэн гээд тэр бүхнийг нэг үгээр тайлбарлах боломжгүй юм. Иймд тус компанийн гүйцэтгэх захирал Төмөрбаатарын Тамиртай ярилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг зорилоо.

-Төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай холбоотой таагүй мэдээ­лэл олон байхаас сайшаах нь үнэн ховор болсон нь нууц биш. Харин МИАТ-ын тухайд онцгой гэмээр талархууштай үйл явдал өнгөрсөн хугацаанд чамгүй тохиолоо. Иймд танд МИАТ компани үүсэн байгуулагдсаны 61 жилийн ойн баярын мэнд хүргээд ярилцлагаа эхлүүлье?

-Баярлалаа. Монгол Улс агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсний 61 жилийн ойн баярын өнөөдөр тохиож байгаа гэж бодохоор энэ бол зөвхөн МИАТ болон нисэхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, удирдлагын газрын баяр биш болж таарна байх. Өөрөөр хэлбэл шинэ тээврийн гарц нээсэн, олон улс руу гарах хамгийн хурдан, найдвартай, тохь тухтай агаарын урсгалыг бий болгосон гэдэг утгаар бүх нийтийн баяр гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Агаарын замаар зорчино гэдэг өөрөө тухайн улс орны хөгжил, шинэчлэлийн нүүр царай учраас бүх монголчууддаа баярын мэнд хүргэе. Гэхдээ Монгол Улсын агаарын тээврийн хөгжил 100 гаруй жилийн өмнөөс эхтэй гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

-Тэр тухай дуулж байгаагүй юм байна?

-Монголын анхны агаарын хөлөг 1925 онд газардаж байсан түүх бий. ЗХУ-аас Герман Улсад үйлдвэрлэсэн агаарын онгоц тэр үед бэлэглэсэн байдаг. Дараа нь, 1956 онд ЗХУ-аас АН-2 буюу бидний нэрлэж заншсанаар “Царцаа” гэж нэрлэдэг онгоцыг худалдаж авсан түүхтэй. Энэ оныхоо зургадугаар сараас Хөвсгөл, Булган, Дорнод, Хэнтий гэсэн чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн болохоор албан ёсоор агаарын тээврийн салбарын баярын он дарааллыг эндээс эхлүүлсэн байдаг юм. Харин өнөөдрийн байдлаар “МИАТ” компани Боинг үйлдвэрийн зургаан агаарын хөлөгтэйгээр Бээжин, Сөүл, Токио, Хонгконг, Москва, Берлин, Франкфурт, гэсэн олон улсын долоон чиглэлд шууд нислэг үйлдэж байсан бол өнөөдрөөс эхлэн БНСУ-ын хоёр дахь том хот болох Пусан хот руу шууд нислэгтэй болж өргөжиж байна.

-Харин цаашид?

-Аль болох боломж, нөхцөл байдалдаа тулгуурлаж, нислэгийн тоо, чиглэлээ нэмнэ. Гэхдээ мэдээж аль нь ашигтай байх вэ гэдэг ганц зарчим дээр тулгуурлаж ажиллахаа хэлэх ёстой байх.

-Энэ баярын нэг гол чимэг нь яах аргагүй Улаанбаатар-Пусаны чиглэлийн нислэг. Гэхдээ МИАТ-ын бүх нислэгийн чиглэл ашигтай байдаггүй нь тодорхой. Харин энэ нислэгийн хувьд та бүхэн ямар тооцоо судалгаа хийсэн байдаг вэ?

-Пусан хот бол Өмнөд Солонгосын хоёр дахь том хот.  Энэ чиглэлд аялал жуулчлал гэхээс илүүтэй худалдаа наймаа, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр Өмнөд Солонгосын өмнөд хэсэгтэй хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих боломж бүрдэх үүд хаалга нээгдлээ гэж үзэж болно. Иймд Боинг 737-700 агаарын хөлгөөр нислэг үйлдэж байгаа. Нислэг бүхэн ашигтай байдаггүй гэдгийн тухайд үнэн. Бээжин, Сөүл, Токио, Хонконг, Москва, Берлин, Франкфурт, Пусан гэсэн долоон чиглэлд нислэг үйлдэж байгаагийн Улаанбаатар-Москва-Берлиний чиглэлд гэхэд манайх 20 жил алдагдал хүлээж ирсэн. Сүүлийн нэг жил гэхэд 16 тэрбумын алдагдал хүлээсэн. Хэрэв 20 жилээр нь тооцвол 139 тэрбум төгрөгийн алдагдалтай нислэг үйлдсэн байна.  Гэсэн ч Европ руу гарах гарц гэдэг утгаар хааж болдоггүй. Нэг ёсны үүрэг хариуцлага гэж хэлж болно. Харин зар сурталчилгаа, менежментийн хувьд Европын хэрэглэгчид рүү чиглэсэн бодлогоо шинэчлэх шаардлага бий. Мөн цаашид өөр ямар гарц байна вэ гэдгийг судалж байна. энэ нь Европ руу хийх нислэгийнхээ маршрутыг өөрчлөх тухай асуудал л даа. 

-Энэ сарын 12-ноос Хонконгийн компанитай аяллын дугаар хамтарч эзэмших шийдвэрт гарын үсэг зурсан байсан. Ерөнхий мэдээллээс харахад нислэг үйлдэхгүй. Харин нислэгийнхээ эрхийг эзэмшүүлнэ гэж ойлгож байгаа. Энэ зөв үү?

-Сүүлийн жилүүдэд агаарын тээврийн компаниуд аяллын дугаар хамтарч эзэмших буюу код хуваах чиглэлээр хамтарч ажиллах нь их болсон. Энгийнээр тайлбарлавал манай компанийн ОМ гэх аяллын дугаарыг Хонгконгийн “Cathay Pacific” хамтран эзэмшиж нислэг үйлдэнэ гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, тухайн зорчигч өөрийн нислэг үйлдэж байгаа цагаасаа цааш өөр улс орон руу зорчихдоо МИАТ-ын ОМ аяллын кодоор нисэх боломжтой болж байгаа юм. Эхний ээлжинд Хонконгоор дамжин Автсралийн Петр, Брисбен, Сидней, Мельбурн, Сингапурын чиглэлд хамтарсан нислэг хийнэ. Ингэснээр МИАТ компанид Зүүн Өмнөд Ази, Австрали руу чиглэсэн нислэгийн сүлжээг өргөтгөх боломж бүрдэж байгаа.

-Нислэгийн тариф буурах уу?

-Гол ач холбогдол нь наад асуудал чинь. Тарифын сонголт бий болно. Дээр нь, ачаа тээш дамжуулах үйл явц хурдан шуурхай болно. Ер нь эдийн засгийн хувьд зардал буурч, ашиг орлого нэмэгдэх, зорчигчдын тав тухтай байдлыг хангах гээд олон давуу талтай. “Cathay Pacific” компанийн тухайд дэлхийн 200 гаруй чиглэлд  зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг ХонгКонгийн агаарын тээврийн компани.

-Өнгөрсөн тавдугаар сард танай компани нэг онгоц шинээр түрээсэлсэн. Уг нь 2011 оны гэрээ, хэлэлцээрээр бол МИАТ гурван ч шинэ онгоцтой болох байсан. Яагаад тэр гэрээг цуцалж, онгоц түрээслэх гэрээгээр сольсон юм бэ. Тухайн үед энэ мэдээллийг их л сүр дуулиантай зарлаж, Монголын агаарын тээврийн салбар бүрэн шинэчлэгдэнэ гэсэн хэвлэлийн бага хурал хийж байсан санагдах юм?

-Цаг хугацааны өөрчлөлт болон санхүүгийн боломж бололцоо гэж хоёр зүйл ямар ч зүйл дээр байдаг. Тухайн үед буюу 2011 онд Боинг компанитай байгуулсан гэрээ их хатуу нөхцөлтэй байсан. Гэрээг үргэлжлүүлбэл манай компанид төлбөрийн ихээхэн дарамт үүснэ. Өнөөдрийг хүртэл 2012 онд хүлээн авсан Боинг-767 300ER онгоцныхоо төлбөрийг барагдуулж дуусаагүй байна. Жилд ашгаасаа 16 сая ам.доллар төлнө гэдэг амар биш. Энэ бол Боингтой хийсэн гэрээгээ цуцлах үндэслэл болж өгсөн. Харин эргээд онгоц түрээслэхээр судлахад Боинг түрээсийн үйлчилгээ үзүүлдэггүй учраас  бид гурван талт гэрээ хийхээс өөр аргагүй болсон. Боингийн санал болгосон, түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хэд хэдэн компаниас Ирландын “Аволон” компанийг сонгосон байгаа.  Ингэхдээ Боинг компанид 2019 онд хүлээн авах, хоёр онгоцны урьдчилгаанд тус бүрт нь нэг сая, нийтдээ хоёр сая ам.доллар төлсөн байснаа ямар нэгэн алдагдалгүйгээр “Аволон” руу шилжүүлж чадсан. Мөн дөрвөн удаагийн хэлэлцээрээр онгоцны үнээ ч бууруулсан. Дээр нь, манай компанийн нийт зардлын 25-26 хувийг шатахууны зардал эзэлдэг болохоор шатахуун бага зарцуулдаг онгоц түрээсэллээ. Ингэснээр зардлаа танаж, тийзний үнээ ч тодорхой төвшинд бууруулах боломжтой болж байгаа юм. 

-Онгоцны насжилт дунджаар 15 жил байдаг учраас парк шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байна гэсэн таны ярилцлагыг уншсан юм байна. Энэ ажил эхэлсэн үү?

-2019 онд хамгийн сүүлийн үеийн 737 МАКС8 загварын дор бүрнээ 162 зорчигчийн багтаамжтай хоёр онгоц түрээслэнэ. Төрөөс иргэний агаарын тээвэрт баримтлах бодлогод зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор 15-аас дээш жил ашигласан онгоцыг ашиглалтаас гаргахаар заасан. Иймд парк шинэчлэл зайлшгүй хийгдэх шаардлагатай болсон учраас 2020 онд нэмж хоёр онгоц түрээслэнэ. Ингэснээр МИАТ компани дэлхийд хамгийн залуу агаарын парктай болно. Онгоц түрээслэхийн бас нэг давуу тал нь зардал хэмнээд зогсохгүй 12 жилийн дараа ашиглалтын хугацаа нь дуусахаар буцаагаад өгчихнө. Ямар ч асуудал байхгүй. Харин худалдаж авсан тохиолдолд дараа нь яах вэ гэдэг асуудал гарна. Тэгэхээр худалдаж авчихаад 15 жилийн дараа ашиглалтаас гаргах, 12 жил түрээсээр ашиглачихаад илүү зардалгүй буцаагаад өгөх хоёрт том чанарын ялгаа байгаа биз. Үүнийг бас их сайн  тайлбарлах хэрэгтэй юм шиг байгаа юм.

-Таны нэг ярилцлагад “Манай нисгэгчдийн ур чадвар сайн учраас Европоос, ер нь хилийн чинадаас ажлын урилга ирэх хандлагатай байдаг” гэсэн өгүүлбэр таатай санагдсан ч эргээд нисгэгчдийн ахуй хангамжийг бүрэн шийдэж чадаж байгаа эсэхийг асууя гэж бодсон юм. Та хариулт өгөөч?

-Эмзэг асуудал. Төрийн өмчит компани учраас бид нар эндээс дур мэдэн шагнал урамшууллыг нь нэмэх боломжгүй. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд харьцангуй цалин, хангамж сайн байгаа. Гэсэн ч манай нисгэгчид явахгүй, Монголдоо л ажиллана гэж хэлж чадахгүй. Хувь хүний л сонголт шүү дээ.

-Тэгэхээр л?

-Хятад гэхэд зах зээл нь тэлэхийн хэрээр нисгэгчийн дутагдалд орчихсон байна. Ялангуяа Б7-37-гийн нисгэгчийн хомсдол үүссэн. Иймд сонголт тэдний гарт бий гэсэн үг. Гэхдээ монгол хүний мөн чанар, үнэт зүйл гэж байдаг даа. Тэрийг нь бодоод яг өнөөдөр “Би явлаа” гэсэн нисгэгч алга л байна. Үүнд нь бас их баярладаг. Харин нисгэгчдийн тухайд насжилтын нэлээн зөрүү байгаа. Ахмад нисгэгчдийн олонх нь тэтгэврийн нас руу дөхөж байхад дараагийн үеийн залгамж халаа гэж байхгүй. Зах зээлийн эдийн засагтай шилжихтэй зэрэгцээд нисгэгч бэлтгэх боловсон хүчний бодлого алдагдсан шиг байгаа юм. Тэгэхээр шууд 25-30 насны залуу нисгэгчид шинээр ажиллаж эхэлж байна л даа. Гэхдээ манай залуу нисгэгчид англи хэлний өндөр мэдлэгтэй, Боингийн үйлдвэр дээр өөрсдийнх нь онгоцон дээр бэлтгэл хийсэн маш сайн, чадварлаг нисгэгчид. Иймд цаашид төрөөс бодлогоор тэднийг дэмжиж, хангамжийг нь сайжруулах тал дээр бодох л ёстой гэсэн хувь хүний бодол бол байдаг.

-Та 2015 оны аравдугаар сард томилогдсон. Өнөөдрийн МИАТ-ын удирдлагын баг бүхэлдээ 2015 оны бүрэлдэхүүнээрээ байгаа. УИХ-ын сонгуулийн дараа эрх баригч хүчний шийдвэрээр төрийн өмчит компаниудын удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ солигддог бараг жам болсон үзэгдэл дунд танай багийг ингэж тэсэж үлдсэнд бас их гайхдаг. Ямар ч хүнээс “Та яагаад халагдахгүй үлдэв” гэж асуух нь бүдүүлэг санагдаж магадгүй. Гэсэн ч нэг дэд захирал солигдсныг эс тооцвол бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна гэдэг бас их онцгой дүр зураг л даа?

-Ёстой хэлж мэдэхгүй байна.

-Таагүй санагдаж байна гэж үү?

-Үгүй ээ. Өөрийн тань хэлснээр 2015 оны манай удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрэ ажиллаж байгаа нь үнэн. Ганц нэг шинээр томилогдсон дэд захиралтай ч ойлголцол тун сайн байгаа. Ер нь бол агаарын тээврийн бизнест огцом өөрчлөлт гэж байдаггүй. Хоёрт гэвэл, манай компани 2016 онд ашигтай ажилласан. Гэхдээ татварын өмнөх орлого 41 тэрбум төгрөгт хүрсэн ч валютын ханшийн зөрүүнээс их хэмжээний алдагдал хүлээсэн. Энэ бол манай багийн ажлыг үр дүн. Тэгэхээр хариулт нь ч энд байгаа гэж бодож байна.

-Энд тодруулж асуухад 2014 онд 50 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан компани 2015, 2016 гэсэн хоёр он дараалаад хэрхэн ашигтай ажиллаж чадсныг та тодруулаач. Бүхэл бүтэн 50 тэрбум төгрөгийн алдагдлыг нөхөөд шүү дээ?

-Би ажилд томилогд-соноосоо хойш нэг их огцом шийдвэр гаргаж, хөдөлгөөн хийгээгүй л дээ. 2014 онд боловсруулсан бизнес төлөвлөгөөг тодорхой хэмжээнд шинэчлээд зардлаа бууруулах, борлуулалтын сувгаа нэмэх гэсэн хоёр чиглэлд гол анхаарлаа хандуулж ажилласан. Дээр нь, онгоц завсар үйлчилгээ, нойтон түрээсийн үйлчилгээ байна. Мөн Чехэд нисэх бүрэлдэхүүн маань 4-5 сар ажилласан. Тэнд 50 чиглэлд нисэхээр ур чадвар, агаарын замын туршлага талаасаа маш сайн чадваржсан.

-Агаарын завсар, үйлчилгээний төвийн үйл ажиллагааг гавьяат нисгэгч, МИАТ-ын захирал асан Г.Жаргалсайхан эхлүүлж байсан. Цаг хугацааны хувьд харьцангуй богино ч гэлээ энэ үйлчилгээ өнгөрсөн жилд танай компанид 10 тэрбум төгрөгийн орлого оруулсан гэж сонсож байсан. Ер нь хэр олон хүний бүрэлдэхүүнтэй баг байдаг юм. Гаднаас захиалга авч, онгоцны хөдөлгүүр солиод ирдэг тухай сонсоход бас их бахархмаар л санагддаг. Энэ талаархи таны бодол?

-Бахархалгүй яахав. 140 орчим хүний бүрэлдэхүүнтэй төв ажилладаг. Мэргэжлийн сертификат авсан 20 гаруй инженерүүд бий. Энэ жил гэхэд инженерүүд маань Тайланд руу гурван ч удаа хөдөлгүүр солих захиалга гүйцэтгээд ирсэн.

-Яагаад манайх руу захиалга өгөөд байна. Үнийн зөрүү байна уу?

-Манай үйлчилгээний үнэ хямд биш. Ерөнхий нэг үнэ тарифын бланс байдаг. Тэр дагуу л үйлчилгээ үзүүлдэг. Гол нь гүйцэтгэл сайн, найдвартай байгаа учраас манайх руу гурван ч удаа захиалга өгч байгаа хэрэг шүү дээ. Иймд энэ төв манай МИАТ компанийн яах аргагүй нэг гол цөм, үнэлэмж болж байгаа юм л даа.

-Өмнө нь МИАТ-ыг ерөнхийд нь мэргэжлийн нисгэгчид удирдаж ирсэн. Сүүлийн гурван томилгооны жишгийг харахад шүү дээ. Харин таны хувьд тусгай алба, Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан. Ийм хүн гэнэт Хонконгийн төлөөлөгчийн газарт ерөнхий менежер, тэндээсээ МИАТ-ын гүйцэтгэх захирлаар томилогдсонд гайхах хүн байсан л байх. Мэргэжлийн нарийн мэдлэг, мэдээлэл шаардах салбар гэдэг утгаар нь харвал шүү дээ?

-Яг хол хөндий байсан гэж хэлж бас болохгүй л дээ. Ерөнхийдөө өмнө нь тусгай албаны шугамаар иргэний нисэхийн салбарт хяналт тавьж ажилладаг байсан. Тийм болохоор яг огт мэдэхгүй, хөндлөнгийн хүн гэж хэлж болохгүй байх. Хонконг руу ерөнхий менежерээр ажилласны тухайд хувь хүний сонголт байсан. Ер нь бол миний бодлоор хүн өөрийгөө сорьж, өөр ажил хийж, юу хийж чадах, чадахгүйгээ мэдэх боломж олдвол түүнийгээ ашиглах ёстой гэж боддог. Энэ бодлоороо л сонголт хийсэн.

-Хонконгт ажиллах хугацаандаа таны гаргасан ажлын үр дүн тэгвэл юу байсан бэ?

-Орон орны онцлог өөр. Гэхдээ Хонконгт яг төлөөлөгчийн газар ажиллуулж, 4-5 хүн ажиллуулах нэрээр жилдээ 500-600 сая төгрөг зарцуулах хэрэггүй юм байна гэж үзээд энэ ажлыг гардаж зохион байгуулсан. Үүний үр дүнд жилдээ зөвхөн зардлаас гэхэд 500-600 сая төгрөг хэмнэж байна. Энэ үеэрээ мөн аяллын код хувааж эзэмших ажлын яриа хэлэлцээрийг Хонгконгийн “Cathay Pacific” компанитай эхлүүлж байсан.

-Италид НҮБ-ын Шударга ёсны хүрээлэнг төгссөн гэж таны танилцуулгад байна лээ. Ямар чиглэлээр суралцсан юм бэ?

-Бүс нутаг хоорондын Шударга ёсны хүрээлэн. Турины их сургуулийн Хуулийн факултеттэй хамтарч, магистрын сургалт явуулдаг хүрээлэн. Сургуулиа төгсөх үеэр НҮБ-ын дүрвэгсдийн асуудлыг хариуцсан байгууллагуудаас ажиллах санал ирж байсан. Өмнөд судан руу зохицуулагчаар явах боломж байсан. Гэхдээ сонголт минь Монголдоо ажиллах байсан.

-Таны хувьд аль нэг намын гишүүн биш юм билээ. Яагаад улс төрийн сонголт хийхгүй байна. Карьер хөөхөд улс төр хэрэгтэй гэдэг дээ?

-Карьер хөөх гэхээс илүүтэй өмнөх ажлаа сайн хийх хэрэгтэй гэсэн хувь хүний бодол байна. Хоёрт улс төр, бизнес хоёр тусдаа явах ёстой гэсэн зарчим баримталдаг. Хутгалдаад эхлэхээрээ ямар их сөрөг үр дагавар гардаг вэ гэдгийг гэрчлэх олон жишээг та бид хоёр нэрлэж чадна аа даа. Наад зах нь, ашиггүй ажиллаж эхэлнэ. Улс төрийн зорилгоор баахан томилгоо хийгдэнэ. Мэргэжлийн салбар бол мэргэжлийн л байх ёстой. Миний хувьд эдийн засагч, хуульч мэргэжилтэй. Энд бол зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Миний доор ажиллаж байгаа хүмүүс бүгд мэргэжлийн хүмүүс. Тэр хүмүүсийн санал бодлыг дээшээ очиж хамгаалах, ажил хэрэг болгоход нь дэмжлэг үзүүлэхийг чухалчилдаг. Өөрөөр мэргэжлийн үнэт зүйл рүү нь би захирал гээд дайраад байх бодол надад байдаггүй. Харин улстөрчид хэт бизнестэй хутгалдаад ирэхээрээ Америк нис, Сингапур нис гэх мэтээр ямар ч бодлогогүй, эрсдэлтэй шийдвэр рүү түлэх хандлагатай байдаг. Энэ тохиолдолд бол компанийнхаа эрх ашгийг, дотоод нөөц бололцоогоо зөвөөр тайлбарлах талаас нь сайтар ойлгуулах үүрэг ноогддог.

-Сингапурын нислэгийг та сая хөндлөө л дөө. Энэ чиглэлийн нислэгийг дахин сэргээхгүй гэсэн үг үү?

-Сэргээх санал байгаа. Гэхдээ ямар чиглэлээр нислэг үйлдэх вэ гэдгийг сайтар судалж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Ойрын хугацаанд Хятад руу нэмж нэг чиглэл нээхээр судалж байна. Энэ чиглэл хаана байх вэ гэдгээс Сингапур руу нисэх эсэхээ шийднэ байх. Хятадын жуулчид 200 саяд хүрнэ гэсэн тооцоо байгаа. Дээр нь, манай монголчуудын Хятад руу нислэг үйлдэж байгаа маршрутыг харна. Хятадын зүүн муж руу худалдаа бизнес, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр явах нь эрчимжиж байна. Иймд Хонконгтой хил залгаа мужууд руу нисэх сонирхол байна. Энэ тохиолдолд тэндээсээ Сингапур руу дамжиж нисэх хувилбар байж болно. Гэхдээ гол нь л тооцоо судалгааны дүн яаж гарах вэ гэдгээс хамаарч, шийдвэрээ гаргана. Өмнө нь Бээжин Сингупарын чиглэл ашигтай, том зах зээлтэй гэдгийг харж чадсан ч хэрэгжүүлэх хувилбар дээрээ алдсан талтай.

-Бангконк руу яагаад шинэ чиглэл нээж байгаа юм бэ?

-Арваннэгдүгээр сараас улирлын чанартай нээнэ. Өвлийн улиралд гэсэн үг л дээ. Хүүхдийн амралт, цагаан сар, шинэ жил гээд олон амралт давхацдаг. Дээр нь, Бумрангранд, Бангконк хоспитал гэсэн эмнэлгүүд рүү манайхан их явж байна. “Бангконк хоспитал” гэхэд Тайландад 19 салбартай. Эзэн нь эмнэлэг хоорондын үйлчилгээгээ түргэвчлүүлэх, гаднаас өвчтнүүдээ авчрах зорилгоор онгоцны буудал хүртэл барьсан байдаг. Энэ нь манайд зах зээл байна гэдгийн бас нэг баталгаа болж байгаа.

-Тэгэхээр МИАТ зөвхөн нислэг үйлдэх бус зуучлалын үүрэг гүйцэтгэх нь гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Аялал жуулчлалын компаниудыг хооронд нь холбож өгөх, харилцаа холбоогоо хөгжүүлэхэд туслана. Энэ нь өөрөө манай компанийн нислэгийн үр ашигтай холбоотой учраас дэмжлэг үзүүлэх нь хэн хэндээ хэрэгтэй.

-Нислэгийн тарифыг бууруулах боломжтой гэсэн санаачилга гарах нь их болсон. Энэ үнэхээр боломжтой юу?

-Хэд хэдэн хүчин зүйл байдаг. Тэр болгоныг эхлээд шийдвэрлэх хэрэгтэй. Сайтар тооцоо судалгаатай асуудалд хандах хэрэгтэй. Манай компани улсаас ямар ч татаас авдаггүй. Цэвэр өөрсдийнхөө боломжоор ажилладаг. Ашигтай ажиллаж байна уу гэвэл ашигтай ажиллаж байгаа. Гэхдээ их биш. Зөвхөн ам.долларын зөрүүнээс гэхэд асар их алдагдал хүлээдэг. 2012 онд ам.долларын ханш 1400 төгрөг байсан. Өнөөдөр хэд байгаа билээ. Бараг 1000 төгрөгийн зөрүү гарч байна. Гэсэн ч манай компани нислэгийн үнээ нэмээгүй. Сүүлийн тав зургаан жилд нэг үнээ барьж ирсэн. Бусад компаниудын хувьд өсөлт байж магадгүй. Манай компанийн хувьд ямар ч өөрчлөлтгүй явж ирсэн. Дээр нь түлшний асуудал байна. Нийт зардлын 25 хувийг түлшний зардал эзэлдэг. Тендерийн тухай хуулийн дагуу чөлөөт өрсөлдөөнийг бий болгох нөхцөл түлшний нийлүүлэлтэд байдаггүй. Үүнийг дагаад улс төрийн шахалт их орж ирдэг. Тэгэхээр сайтар судалж, хаа хаанаа нээлттэй ярилцах хэрэгтэй байх.

-Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орлоо гэхэд танай компанийн оролцоо ер нь хэр байх юм бэ. Энэ талаар эцсийн шийдэлд хүрсэн үү?

-Шууд хэлэхэд хэрэв япончууд одоогийн ярьж байгаачлан менежментээ хариуцаад, үйлчилгээний тарифаа өндөр тогтоогоод явбал МИАТ шууд дампуурна. Үйлчилгээний тариф нь асар өндөр байхаар тооцсон байсан. Гадаад улс орнуудад бол өөрийнх нь авиа компани үйлчилгээгээ үзүүлдэг, эсвэл хувь эзэмшдэг жишиг байдаг. Яг өнөөдрийн тухайд Японы талаас 51, 49 байх уу, 100 хувь байх эзэмших үү гэдэг нь шийдэгдээгүй байгаа. Гэхдээ 600 сая ам.доллараа гаргасан Японы талын хувьд хөрөнгө оруулалтаа хурдан нөхөхийг хүсэх нь тодорхой. Тэгэхээр сайтар зөвшилцөх, ярилцах хэрэгтэй байх. Дээр нь, өнөөдрийг хүртэл ангар буюу засварын төвөө барьж эхлээгүй байгаа. Ийм төвийг барихгүйгээр нисэх онгоцны буудал ашиглалтад орох боломжгүй. Наад зах нь 1.5-2 жилийн хугацаа ордог ажил. Байгаагаа сайжруулахыг хэн ч хүсдэг юм чинь наад зах нь 10 онгоц багтах ангар байх хэрэгтэй. Тэгэхээр асуудал ойрын хугацаанд шийдэгдэхгүй болов уу гэж харж байгаа.

-МИАТ тэгэхээр хувь эзэмших сонирхлоо хамгаална гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж болно. Гадны компаниуд бол нэг удаа буугаад ниснэ. Манайх бол өдөрт хоёр удаа үйлчлүүлнэ. Ингэснээр зардлын бараг 70 гаруй хувийг бүрдүүлж таарна. Иймд төрөөс бодлогоор энэ асуудлыг шийдэх хэрэгтэй болж байгаа юм.

-Таны ажиллаж байх хугацааны хамгийн том дурсамжийн нэг нь яах аргагүй АСЕМ-ийн зохион байгуулалт байж таараа. Хэдийгээр нисгэгч биш ч гэлээ таны удирдаж буй нисэхийн зурвасаар дүүрэн онгоц буух бас л сайхан санагдана биз. Тэр дундаа, дэлхийн улс орны удирдагчид шүү дээ?

-Сайхан байлгүй яах вэ. Зурвас дүүрэн онгоц гэхээр ёстой л сүртэй, сайхан харагддаг юм билээ. Зөвхөн би ч бус манай  бүх л хамт олонд сайхан дурсамж үлдээсэн үйл явдал. Жил гаруйн өмнөөс бэлтгэл хийсэн болохоор МИАТ-ын зүгээс асар зохион байгуулалттай, алдаа дутагдалгүй ажиллаж чадсан. Цаашид ч энэ хэмжээний ачаалал үүрч, ажиллаж чадах хамт олон, бэлтгэгдсэн боловсон хүчин байна гэдгээ нотолсон. Ямар ч алдаа дутагдал гаргаагүй шүү.

-Нийгмийн боломжтой хэсэг нь хувийн нисдэг тэрэг хөлслөх, жижиг онгоц түрээслэх сонирхолтой болж эхэлж байна. Үүнийг дагаад энэ зах зээлийг хувийн компаниуд эзэлж эхэллээ. МИАТ ийшээ оролцох уу. Яваандаа?

-Энэ чинь бизнес шүү дээ. МИАТ бизнесийн компани. Иймд ашигтай бизнест оролцоогоо идэвжхүүлэх сонирхол байж таарна аа даа. Иймд хоёр чиглэл барьж ажиллаж байгаа. Нэгд орон нутаг руу, хоёрт бүс нутаг хоорондын нислэг үйлдэх сонирхол байгаа. Наад зах нь, өнөөдөр нэг том компанийн захирал байлаа гэхэд жилдээ хоёр, гурван удаа гадагшаа явж байгаа. Ингэхдээ үр хүүхэд, гэрийн үйлчлэгч, туслахаа дагуулаад багадаа 50-60 саяын зардал гаргадаг байх жишээний. Нэгэнт ийм зардал гаргаж байгаа хүмүүс чинь тусдаа жижиг онгоцоор тав тухтай зорчихыг хүснэ ээ дээ. Иймд тэдэн рүү харсан үйлчилгээ бий болгох төлөвлөгөө байгаа. Дээр нь, орон нутагт бизнесээ удирдах, хянах, чиглүүлэх зорилгоор өглөө Улаанбаатарт, өдөр Хөвсгөлд, орой нь Ховдод, шөнөдөө Улаанбаатарт ирэх шаардлага гардаг. Тэгэхээр энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэх шаардлага ч байна гэсэн үг. Одоо бол хувийн компани үндсэндээ эзэлчихээд байна. Хэрэв энэ чиглэлийн нислэг үйлдээд эхэлбэл наад зах нь өрсөлдөөн бий болох сайн талтай юм.

-Засгийн газар солигдсоноос хойш хийгдсэн хяналт шалгалт танайхыг тойроогүй байх. Хэр амжилттай давсан бэ?

-Зам тээврийн хөгжлийн яам, аудит, Сангийн яам гээд орох ёстой бүх л шалгалт орсон. Том компани болохоор бичиг цаасны зөрчлөөс эхлээд бага сага зөрчил гарсан. Гэхдээ санхүү, мөнгө, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх мэт ноцтой зөрчил илрээгүй.

-Танай удирдлагын баг харьцангуй залуу хүмүүсээс бүрдсэн. Үүний давуу тал юу байна вэ?

-Зөвхөн манай баг гэлтгүй ерөнхийдөө Монголын компанийн удирдлагын төвшинд гарч байгаа ерөнхий нэг шинэчлэл байх. Давуу тал гэвэл бүгд маш сайн хичээж ажиллаж байна. Алдаа гаргахгүй гэж хэн хэндээ хяналт тавьж, цаг тухайд нь ажилласан шиг ажиллахыг шаарддаг.

-Та томилогдсон цагаасаа хойш ганц хоёр телевизэд ярилцлага өгснийг эс тооцвол хэвлэлд их хаалттай байж ирсэн юм билээ. Асуулт бэлдэх гэж эх сурвалж хайсан ч бараг л олоогүй. Иймд нэгэнт ярилцсаных гэр бүлийн тань талаар асууя. Хэн хүнд улс төрийн нөлөөлөл бий эсэхийг сонирхож мэдэх юм?

-Аав минь дипломат хүн. Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан. Одоо Монгол банканд гадаад харилцааны зөвлөхөөр ажилладаг, тэтгэвэртээ гарсан хүн бий. Ээж маань хоёр жилийн өмнө бурхан болсон. Төмөр замын автоматжуулалтын инженер хүн. Аав, ээж хоёр минь боловсрол мэдлэг эзэмшиж, гадаад дотоодод суралцахад их нөлөө, үлгэр дууриал болсон. Гадаадад суралцахад минь хүртэл өөрсдийнхөө боломж бололцоогоор бүх төлбөр, мөнгийг минь төлж байсан. Улсаас ямар ч тэтгэлэг, дэмжлэг авч үзээгүй. Цэвэр аав, ээжийнхээ хүчээр сурсан. Харин магистрынхаа төлбөрийг өөрөө ажиллаж олсон.

-Харин гэр бүлийн тухайд?

-Эхнэр, охины хамт амьдардаг.

-Таны танилцуулгыг хараад гадаад хэлний чадвар яалт ч үгүй өндөр хүн байна гэж харсан л даа. Гэхдээ суралцсан орнуудыг тань хараад солонгос хэл хаана сурсныг тань асууя гэж бодож байлаа?

-Орос 14 дүгээр сургууль төгссөн учраас орос хэлийг багаасаа сурсан. Унгар, Италид суралцсны хувьд тодорхой хэмжээнд ярьдаг. Англи хэлээр ажлаа бүрэн явуулдаг. Харин солонгос хэлний тухайд би арван жилдээ зуныхаа амралтаар Өмнөд Солонгос руу явж ажил хийж, мөнгө олон хичээлийн хэрэглэлээ бэлдэх маягаар өөртөө зориулдаг байсан болохоор тодорхой төвшинд ойлголцдог. Яг ажил хийгээд явж байхад тодорхой хэмжээнд хэл гадарладаг маань бас их тус болдог. Хүмүүстэй ярилцаж, ойр дотно харилцаа үүсгэхэд дөхөмтэй шүү. Аавын минь үлгэр дууриалалын үр дүн лдээ.

-Италид суралцсан хүмүүсийн нийтлэг жишиг бол сонгодог урлагт ойр байдаг чанар. Харин таны хувьд?

-Сонсоно оо. Италид байх хугацаандаа гавьяат жүжигчин Д.Алтанхуягтай танилцаж, их сайхан харилцаатай болсон. Монголын балетын хөгжлийн чиглэлээр хийж байгаа олон санаачилгыг нь дэмжиж, ажилладаг. Мөн “Морин хуурын чуулга” байна. Боломжтой гэсэн хувилбараар дэмжиж ажиллахыг хичээдэг.

-Аль нэг аймгийн нутгийн зөвлөлд багтдаг уу?

-Тийм юм байхгүй ээ.

-Яагаад нутгийн зөвлөлд багтдаггүй, намын гишүүн биш,  бүр JCI-ийн гишүүн биш хүн Монголын хамгийн том агаарын тээврийн компанийг удирдаж байна гэхэд итгэмгүй л санагдаж байна?

-Нутгийн зөвлөл байхгүй. Намын гишүүн биш. JCI-ийн гишүүн ч биш. Ерөнхийдөө би өмнөх ажлаа л сайн хийхийг чухалчилдаг. Өөрөөр ямар нэгэн бүлэг, нэгдэлд хамрагдаж, улс төр хийх сонирхол байдаггүй. Гэхдээ өнгөрсөн зургадугаар сард болсон  “JCI 2017 Aspac” Монголд болоход манайх дэмжлэг үзүүлсэн. Дэлхийн 50 орны шилдэг 3000 залуу манай улсад нэг дор ирнэ гэдэг бол бага АСЕМ-ийн дайтай арга хэмжээ учраас хүндэтгэлтэй хандсан.

-Гэхдээ Авлигатай тэмцэх газраас агаарын тээврийн компанид ажиллахад хувь хүнд тань ажлын арга барилаас эхлээд тодорхой өөрчлөлт гарна биз?

-Ер нь бол хүн ажил хийж сурахыг хүсч байгаа бол төрийн албанд тодорхой хугацаанд ажиллаж үзэх хэрэгтэй. Дээр нь боловсрол, мэдлэг бол юу юунаас илүү чухал. Иймд ажлын арга барилын өөрчлөлт гэхээс илүүтэй мэдсэн сурснаа үр дүнтэй ашиглаж, амжилттай ажиллуулахыг л зорьсон. Тэр зорилго маань эхнээсээ биелж, үр дүнд хүрч эхэлж байгаад баяртай байгаа.

-Мэдээж энэ нь танай бүх хамт олны баяр байж таараа. Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе.

-Баярлалаа. “МИАТ” ХК-ийн 61 жилийн ойн баярын мэндийг компанийнхаа үе үеийн ахмадууд, нийт ажилтнууддаа  болон зорчигч, үйлчлүүлэгчиддээ хүргэж, сайн сайхныг хүсье.  

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Namuun      ip : 122.201.23.226 2017-09-14 14:55:02
Saihan yariltslaga boljee amjilt husey

Leader      ip : 71.199.44.72 2017-09-14 00:30:08
Эрүүгийн хуульч 2017-09-13 14:48:28
Тамир: ....мэдсэн сурснаа үр дүнтэй ашиглаж амжилттай ажиллуулахаар зорьсон... гэнээ. Түүний АТГ байцаагч байхдаа нисэхийн талаар юу судалсан юм бол...Ингэж худлаа бурахаа больсон нь дээр. Нисэхэд хамаагүй байцаагч байснаа нэгэн даргын шахалтаар ирснээ хэлсэн нь илүү дээр байжээ.







Тамир...мэдсэн сурснаа Эрүүгийн хуульчаар ажиллаж байсан туршлага МИАТ-ын хаана нь их хэрэг болсон юм бол доо.
Ataarhaad l bnaa daa. Ha ha ha... zaaval nisehiin mergejiltei baij nisehed ajillah uu? Leader gedeg hun chin haana ch ochson udirdaj chaddag huniig heldeg yum. Iim zaluus uls ekh orondoo ergej ireed ajillaj baigaad n bayarlaj yav. Mani met shig iim hov jivtei ataarhuu humuust eldeveer heluulmeergui baina geed gadaad orond shingeed baival MIAT hugjih bitgii hel nisleg hiihee bolij ch medne sh dee. Zuv ataarhaj sur. Ajillahgui geed baitsaagchaa hiisen bol iim hugjil devshiltend hureh baisan uu?

zochin      ip : 66.181.189.99 2017-09-13 19:07:26
Ene idoo miat iig bas samarch bgaa hundee...hurts-iin hun..yamarch chadvargui...

Эрүүгийн хуульч      ip : 103.26.194.68 2017-09-13 14:48:28
Тамир: ....мэдсэн сурснаа үр дүнтэй ашиглаж амжилттай ажиллуулахаар зорьсон... гэнээ. Түүний АТГ байцаагч байхдаа нисэхийн талаар юу судалсан юм бол...Ингэж худлаа бурахаа больсон нь дээр. Нисэхэд хамаагүй байцаагч байснаа нэгэн даргын шахалтаар ирснээ хэлсэн нь илүү дээр байжээ.







Тамир...мэдсэн сурснаа Эрүүгийн хуульчаар ажиллаж байсан туршлага МИАТ-ын хаана нь их хэрэг болсон юм бол доо.

МИАТ-аас яв.      ip : 103.26.194.68 2017-09-13 14:41:44
АТГ-ын байцаагч байснаа АТГ орлогч даргын шахалтаар МИАТ-ын захирал болсноо хэлсэн бол дээр байж дээ... Муу нуухаар сайн илчил гэдэг. Одоо болсоон.

Лолор      ip : 116.84.110.36 2017-08-22 08:00:33
Миат гэж жинхэнэ лаларуудын цуглуулга,цус ойртчихсон

Hugi      ip : 66.181.177.134 2017-07-11 18:26:49
Chi udahgui zailandaa

Bi za      ip : 122.201.31.137 2017-07-06 23:50:04
Mash daruu tolov, uhaalag, zov shiideltei, busdad taalagddag, tulhtai, sportlog, olon zangui, tuushtai, zov huniig zov olj harj chaddag, deed zergiin tootsootoi, busdaas yalgardag, end tend navsagnaj yavdaggui, nuruutai zaluu leader!

Bor Bold      ip : 61.72.220.67 2017-07-06 20:24:21
Saixan yariltslaga bna ajiliin ondor amjilt xuseye





(0/800)