Шадар сайд түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдаа эргэлээ

2017-06-30 19:46:02

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр 09:00 цагт МТ 1001 дугаарын МИ 171Е загварын нисдэг тэргээр Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарч байгаа ой, хээрийн түймрийн голомт руу ниссэн. 

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаа эргэн, тэдэнтэй уулзаж, хоол хүнс, эм тариа, хувцас хэрэгсэл, зарим шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өгч түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.  Мөн нэмэлт хүчээр НОБГ-ын 12 алба хаагчийг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хүргэлээ. 

Шадар сайд У.Хүрэлсүх, алба хаагчидтай уулзаж, түймэр унтраахад хүндрэлтэй зүйл, нутаг орны байдал, тэдний хоол хүнсний хангалт, багаж хэрэгсэл, хувцас хэрэгслийн талаар нэг бүрчлэн асууж байлаа.

Тэрээр, эх орон, байгаль дэлхийгээ гал түймрийн аюулаас хамгаалж, байгалийн хүнд нөхцөлд, олон хоногоор ажиллаж байгаа алба хаагч залуус та нараар Монголын ард түмэн бахархаж байгаа.

Алба хаагч та бүхэн гэр орноосоо хол, алс бөглүү ойд, халуун бүгчим, байгалийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Өөрсдийн аюулгүй байдлаа сайн ханган ажиллаарай, хоол хүнснийхээ аюулгүй байдлыг анхаараарай гэж захиад  алба хаагчиддаа амжилт хүссэн юм. 

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд Булган аймгийн Тэшиг суманд 2, Бугат, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал суманд тус бүр 1, Төв аймгийн Батсүмбэр суманд 2, Жаргалант, Мөнгөнморьт суманд тус бүр 1 түймэр, Сүхбаатар аймгийн Асгат, Сүхбаатар суманд тус бүр 1 түймэр, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1 түймэр нийт 14 түймрийг цурманд оруулсан.

Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Хэнтий аймгийн Дадал, Өмнөдэлгэр суманд тус бүр 1 түймэр, Дорнод аймгийн Матад, Халх гол суманд тус бүр 1 түймэр, нийт 7 түймэр асч байна.

Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 375 албан хаагч, 27 автомашин, орон нутгаас 400 иргэн, 44 автомашинтай нийт 775 хүн, 1 нисдэг тэрэг, 71 автомашинтайгаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)