Жүжигчин бүр холливудыг мөрөөддөг. Гэхдээ энэ мөрөөдлийг биелүүлэх нь хялбар биш. Тэр дундаа өнөөдрийг хүртэл Монголын жүжигчид мөрөөдсөөр л байгаа. Тиймээс жүжигчин бүрийн мөрөөдөлд ерөөл өргөе. Мөн тэдний дундаас өнөөдрийн байдлаар цор ганцаараа мөрөөдлийнхөө эзэн нь болж, холливудад дүр бүтээж чадсан Б.Амарсайхандаа баяр хүргэе. “Бодлын хулгайч”, “Боолын гэрээ”, “Тавилан” зэрэг дэлгэцийн уран бүтээлээрээ тэрбээр аль хэдийнэ Монголын ард түмний хайртай уран бүтээлч болчихсон. Халуун залуу нас, омголон тэрслүү эр зориг, үл үгүйсгэгдэх ур чадвар... Цаана аа л “Би өөр хүн шүү” хэмээн өөрийгөө илэрхийлэх түүний дүрийн сонголт, жүжиглэлт, хувь хүнийх нь мөн чанар монголын үзэгчдэд хачин сонин байж ирсэн. Тиймээс ч энэ бүх давуу талаараа тэрбээр Монголынхоо кино жүжигчдээс анхлан холливудад гарч чадлаа.
Түүний тоглосон “Марко Поло” киноны нээлт холливудад болж, тэрбээр өөрийн сэтгэгдлээ “Киноны нээлт амжилттай боллоо. Миний амжилтыг Монголын амжилт гэж баярлаж, бахархаж урам өгч байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Нээлтэнд хүрэлцэн ирсэн монгол зочид, найзууд, сэтгүүлчид болон миний хувьд энэхүү улаан хивсний ёслолын ажиллагаа сэтгэлд хөнгөн сандрал хийгээд асар их догдлол баяр бахдлыг зэрэг мэдрүүлсэн цоо шинэ мэдрэмж байлаа. Намайг дэлхийн кинонод Монголын минь түүх хөтөлж орууллаа. Энэ үйл явдал кино урлагт мөр зэрэгцэн зүтгэж яваа мөн бидний араас төрөн гарч ирэх олон жүжигчдэд ихийг хийж бүтээх урам зориг, дэлхийн тавцанд өрсөлдөнө гэсэн итгэл тэмүүлэл нь болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна” хэмээн илэрхийлэв.
Тэрбээр уг боломжийг өөртөө нээхээсээ урьтан холливудын “UNEW” агентлагтай жүжигчнээр ажиллах гэрээ байгуулсан байдаг. Улмаар “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтээсэн “Марко Поло” кинонд Ариг бөхийн дүрийг бүтээсэн нь энэ. Өөрт олдсон боломжийнхоо тухай “Залуу уран бүтээлчид хэлнийхээ мэдлэгт их анхаарах ёстой юм байна” хэмээх зөвлөгөөгөөрөө тодорхойлсон. Өмнө нь Ирландын телевизийн уран бүтээлд дүр бүтээсний зэрэгцээ Монголдоо пиар, зар сурталчилгаа, киноны чиглэлийн томоохон хувийн студийг байгуулж амжсан. Ямартай ч Монголын жүжигчин, цаашлаад монгол хүн бүрийн мөрөөдлийг холливудад хүргэж, бүр биелүүлж чадсан түүнд талархал илэрхийлье. Зүгээр ч нэг талархал илэрхийлээд зогсохгүй муу бүхнийг халхалсан эерэг сэтгэгдлээр түүнийг магтая, монголчууд аа.
Сэтгэгдлүүд :