Төрийн албанаас хэмнэх 10 тэрбумаар юу хийж болох вэ

2014-12-05 12:33:39

123

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц тодорхой боллоо. Сонсох нь ээ, унших нь ээ хэтэрхий нүсэр бүтэц. Яамдын тоо нь 15 бол 19 сайдтай байхыг УИХ-ын чуулганаас өчигдөр баталлаа. Иймд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ бүтцээр шинэ Засгийн газраа бүрдүүлнэ гэсэн үг. Хэрэв МАН өнөөдөр сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан бол асуудлыг сөргүүлэн өөрсдийн тайлбарыг бэлтгэж суугаа. Гэсэн ч тэд Засгийн газарт хамтрах эцсийн шийдээ гаргасан учраас цаашид үг дуугүй ажиллахаас өөр сонголт үгүй. Магадгүй дээрх бүтэц сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээ илэрхийлээд байгаа Бие даагчдын албан бус зөвлөлийг ажилд оруулж мэдэх юм.”Гоё улс төр” ингэж эхэлнэ гэсэн үг шүү дээ. 
Гэхдээ энд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг зөвтгөх нэг үндэслэл бий. Тэр нь өдгөө яам, тамгын газрыг түшин хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй, ажил эрхэлдэг эсэх нь тодорхойгүй агентлагуудыг татан буулгах. Өөрөөр хэлбэл газраар нэг хөлгүй болно гэсэн үг юм. Энэ талаар Засгийн газраас “60 гаруй агентлагийг нэгтгэж, татан буулгаснаар төрийн албаны давхардал, хүнд бүтцийг цэгцлэх боломжтой” гэсэн тайлбар хийж буй. 
Өнөөдрийн байдлаар зөвхөн жирийн иргэний хувиар харахад Цөмийн энергийн газар, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар гэсэн гурван газар бий. Энэ гурван газар дор бүрнээ 2-3 давхар конторын байртай. Цаашлаад орон нутагт өөр өөрийн төлөөлөлтэй. Мөн дарга, дэд дарга, орлогчийн оронтоотой. Зөвхөн конторт нь ажилладаг албан хаагчдын тоо гэхэд 50-д эргэлдэнэ. Хамтарсан Засгийн газрын үед бий болсон энэ нүсэр бүтцийг өнөөдөр нэгтгээд, ядаж л нэг барилгад нь багтааж, орон тоог нь цөөлж чадвал хэмнэлт яах аргагүй гарна. Агентлаг дотор хэлтэс байдлаар үйл ажиллагаа явуулж болохоор байтал бүгдийг нь салгаж, албан тушаалтны тоо нэмснээрээ дээрх чиглэлд олигтой ахиц, дэвшил гарсан гэх зүйлгүй. Энэ мэтээр Засгийн газар амласандаа хүрч, 60 агентлагийг нэгтгэж, бүтцийг өөрчилж чадвал улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарах тооцоо бий. 
Тэгвэл 10 гаруй тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ. Хэрэв энэ мөнгөөр хүүхдийн цэцэрлэг барина гэж үзвэл 120 ортой 10-12 цэцэрлэг барьж болно. Сургуулийн тухайд 4-5-ийг бол хангалттай барина гэж байгаа. Цаашлаад ядаж л дөрөвдүгээр төрөхийг ашиглалтад оруулж элбэг хүрнэ. Иймд хэмнэлтийн мөнгөөр хэрэгтэй зүйл хийхийг Засгийн газраас нэхье. Анх 1992-1996 оны Засгийн газрын бүтэц 16 сайд, 19 яамтай батлагдаж байсан. Тэр үеэс хойш яамды бүтэц, сайдын тоо 10-аас дотогш  буухаа больсон гэдэг. Тэрхүү яамдын бүтэц нь онц шаардлагатай байгаа бол хөлөө цөөлж, хүнд суртлаа багасгах амлалтандаа эзэн болохыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс хүсье.  Гол нь амлалтаас нь ард түмэн хожиж, сургууль, цэцэрлэгтэй болоод үлдвэл буруушаах юун билээ. 
Тэгээд ч 2005-2008 оны хамтарсан Засгийн газарт асуудал эрхэлсэн хоёр сайдын албан тушаал байж л байсан. Тэр үед ард олон “Албан тушаалын хуваарилалтаа нэмэх зорилгоор бий болгосон” хэмээн шүүмжилсэн ч Ардын намын одоогийн удирдлагууд “Хийх ажил их. Үүрэх хариуцлага өндөр” хэмээн өмгөөлж байлаа. Тиймээс яамдын тоо, сайдын толгой ярьж хэрэлдэж суухаар ажлаа эхлүүлээд хэмнэлтээрээ хөлөө түшвэл сайнсан. Дээр бичсэнчлэн хэмнэлтээрээ сургууль, цэцэрлэг баривалчиг... 

 До.Галбаяр

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)