Ажил олгогчид ажлын байрны зах зээлийг 16500 орон тоогоор тэллээ

2017-06-13 17:51:43

-Төрийн бодлого тогтвортой үргэлжилбэл 2017 оны төгсгөлд 20 мянган ажлын байр шинээр бий болгох боломжтой гэв-

Эдийн засгийн хямралаас үүдэн жижиг, дунд үйлдвэрлэгчид хаалга үүдээ хааж, үндэсний үйлдвэрлэгчид бүтээн байгуулалтын ажилдаа завсарлага авч буй тухай мэдээ, мэдээллийг бичих нь ч, унших нь ч хэн хэндээ таагүй байж таараа. Тэр дундаа, төрийн бодлогын учир утгыг ойлгох ухаан хомсдож, улс төрийн тогтворгүй байдал үүсэхийн хэрээр хөрөнгө оруулалт Монголоос сүүлээ хавчин зугтах нь холгүй байсан цаг саяхан. Дөрвөн жилийн дотор хоёр ч Засгийн газар солихоор хөрөнгө оруулагч бүү хэл жирийн иргэн та бидний төрд итгэх итгэл ч хоёронтоо суларсан нь гарцаагүй. Харин өчигдөр Төрийн ордонд болсон Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаас олз болгон мэдээлүүштэй чамгүй олон сайхан мэдээ сонсов.

Түүнийгээ сийрүүлэн хүргэвэл Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих бодлого үйл ажиллагааны хэрэгжилт юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Монголын үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Л.Энхбаяр зэрэг 50 гаруй иргэд, албан тушаалтны оролцсон уг хэлэлцүүлгийн үеэр эхэлж зарласан мэдээлэл бол ажлын байрны өсөлт. 
Үндэсний үйлдвэрлэгчид энэ оны эхний зургаан сарын байдлаар 16 мянга 500 ажлын байр шинээр бий болгосон байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд “МАК” группын Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтад орсноор 865 ажлын байр шинээр бий болсон. Үүний 300-д нь ажилтан шалгаруулан авсан бол одоо 500 ажлын байр хүлээж байгаа. Гэхдээ үйлдвэрлэгчид үйлдвэр барьж, хөрөнгө оруулагчид баялаг бүтээлээ гээд шууд зуун хувь ажилтан авч, ажиллуулах боломж хомс байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тодотгосон. Учир нь, шинээр ашиглалтад орж буй үйлдвэр бүрийн цаана дэлхийн өндөр технологи, түүнийг дагаад чадварлаг мэргэжилтэн шаардлагатай болдог. Гэтэл боловсон хүчин бэлтгэх арга тогтолцоо нь хуучин системээрээ явж байгаад гол харамсал нь оршдог аж. Иймд цаашид боловсролын салбарт, тэр дундаа МСҮТ-д Германы технологийн сургалтын арга барил, шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх зорилтыг тус яам тавьж байгаа гэнэ. Үүний тулд зөвхөн нэг яам бодлого барьж ажиллах бус төр бүхлээрээ, тэр дундаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай бодлогын төвшинд хамтран ажиллахаар тохиролцсон байна. 
Мөн зөвхөн МАК ч бус “М-Си-Эс”, “Моннис” болон “Оюутолгой” зэрэг компани дээрхи 16 мянга 500 ажлын байрыг шинээр болгоход онцгой хувь нэмэр оруулж байгаа. “Оюутолгой” компанийн тухайд далд уурхайн бүтээн байгуулалт эрчимжихтэй зэрэгцэн эхний ээлжинд 1600 ажлын байр шинээр бий болгосон байгаа. Цаашид ч энэ тоо нэмэгдэнэ. Зөвхөн 2017 оны төгсгөлд буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд 20 мянган ажлын байр шинээр бий болгосон бодит үр дүнг та бидэнтэй хуваалцана. 
Үүний тулд дахин онцлох ёстой шаардлага бол гадаад ажиллах хүчний тоог бууруулах. Хөдөлмөрийн зах зээлийн чамгүй хувийг гадаад ажиллах хүчин эзэлж байсан он жил цаашид өнгөрсөн түүх болон үлдэх зорилгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тавьж байгаа. Тоо дурьдвал 2014 онд гэхэд улсын хэмжээнд 36 мянган гадаад ажиллах хүчин Монголд ажиллаж байсан.

Зөвхөн Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Петро Дачин Тамсаг” компанид гэхэд 1500 хятад ажилчин ажиллаж байсан. Үүнийг Дорнод аймгийн МСҮТ-ийн мэргэжилтэн бэлтгэх бодлоготой уяж, газрын тосны чиглэлээр сургах болсноор энэ тоо 700 хүрч буурсан байгаа. Өөрөөр хэлбэл, тус компанийн нийт ажиллах хүчний бараг 60 хувийг монгол залуусаар бүрдүүлсэн гэсэн үг. Тэгээд ч хуулиндаа нийт хүн амын нэг хувьтай тэнцэхүйц гадаад ажилтан ажиллуулахаар заасан байдаг юм билээ. Тэгэхээр үүнийг манай улсын хүн амын тоотой харьцуулахаар 30 мянгаас хэтрэх ёсгүй болж байгаа юм. Гэтэл 36 мянга болгож, хэтрүүлсэн нь бүтээн байгуулалтын төлөө хууль зөрчсөн болж таарч байгаа юм. Хэрэв эергээр бодвол шүү дээ. Харин эсрэг талаас нь харвал дотоодын ажиллах хүч, монгол залуусын ажлын байрны хомсдлыг шударга бусаар бий болгосон болж таарна аа даа. Ийм л учраас энэ онд гадаад ажиллах хүчний тоог 9800 болгон бууруулснаар дээр дурьдсанчлан “Петр Дачин Матад”-аас эхлээд монгол залуусыг газрын тосны чиглэлээр сургаж, нээлттэй ажлын байрны зарлал тараасан байгаа юм. 
Ингэж хөдөлмөр эрхлэлтийн бодлого монголчуудаа дэмжсэн бодит үр дүн рүү чиглэхтэй зэрэгцээд ажилгүйдэл, түүнийг дагасан ядуурал буурах нь тодорхой. Мөн энд онцлох ёстой, магадгүй томоор бичих ёстой нэг том эрх ашиг хийгээд шалтгаан бол нөгөө л төрийн бодлого тогтвортой байх явдал. Үүнийг зөвхөн нэг үйлдвэрлэгч, нэг хөрөнгө оруулагч хэлж байгаа хэрэг биш. Үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид дор бүрнээ бүгдээрээ захиж, залруулж, нэхэж, шаардах болсон нь бас л олзуурхууштай хэрэг. 
Дашрамд нь, мэдээлэхэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого зөвхөн залуус руу чиглэсэн ганц зорилготой, ганц хаалгатай бодлого биш болсон гэнэ билээ. Учир нь, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох тухай асуудал ажил хэрэг болоход тунчиг ойрхон байгаа гэдгийг Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар дуулгаж байсан. Дээр нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжих цаг болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дуулгасан байгаа. Өмнө нь халамжийн бодлогод тулгуурлан хэрэгждэг байхад нэг хүнд олгосон дэмжлэг тэр хүндээ дуусдаг. Эргээд дараагийн хүнд олгох санхүүгийн эх үүсвэргүй болдог байсан учраас тэр. Иймд цаашид танд олдсон боломжийг бусдад нь адил тэнцүү олгох зорилго дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжинэ гэсэн үг. Энэ мэтээр хөдөлмөр эрхлэлтийг тойрсон багц мэдээллийг уг хэлэлцүүлгээс түүвэрлэж суухад төр нь тогтвортой, бодлого нь тодорхой, хэрэгжилт нь зөв байвал ажлын байрны өсөлт та бидэнд боломж олгосоор байх нь гэдэгт итгэсэн шүү. 

Г.Отгонжаргал

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)