Хувьсгалын өлгий нутаг сэлэнгэчүүд С.Ганбаатарыг сонгож шударга ёсны хувьсгал хийнэ

2017-06-10 13:08:45

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хувьсгалын өлгий нутаг болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо ажиллаа. Тэрбээр орон нутаг дахь сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг сэлэнгэ түмний шүтээн болсон Ээж модонд монголчуудынхаа заяа буяныг даатган залбирсанаар эхлүүлсэн юм. Үүнийхээ дараа тэрбээр Алтанбулаг боомтод байрлах их жанжин Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж хил орчмын иргэдтэй уулзсан бөгөөд энэ үеэр Алтанбулагийн иргэдийн зүгээс түүнийг дэмжиж буйгаа илэрхийлэн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна гэдэгт найдаж байгаа гэдгээ хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг билээ. Тэгвэл Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатар Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн 0101-ээр ангиар зочилж тус ангийн ажилтан алба хаагчидтай халуун дулаан яриа өрнүүлж Ерөнхийлөгчөөр сонгогдвол зэвсэгт хүчний салбарт ямар байр суурь баримтлаж ажиллах тухайгаа товч танилцуулав.

Уг уулзалтын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын Сэлэнгэ аймаг дахь албан ёсны сурталчилгааны нээлт Сүхбаатар хотын төв тайлбайд түмэн олны хөл, хөөрөөр дүүрэн болж өндөрлөв.



Нээлтийн үйл ажиллагааг МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр, “МАХН энэ удаагийн сонголтгүй сонгуулийг сонголттой болгохоор С.Ганбаатарыг та бүхэндээ илгээж байна. Монгол улсын ерөнхийлөгчийг гурван сая монголчууд дундаасаа сонгодог. Гэтэл эрх баригчид зөвхөн АН, МАН-ын төлөөлөөс бүрдсэн сонгуулийн  ерөнхий хороогоороо дамжуулаад ард түмний сонголтыг хүчээр шийдүүлэх гэж оролдсон. Ингэхдээ Хууль зүйн яам, шүүх, АТГ гэх мэт байгууллагуудыг ашиглаж байгаад зөвхөн АН, МАН хоёроос өөр намаас хүн нэр дэвшүүлэхээр тооцоолж ямар ч сонголтгүй сонгуулийг хийх гэж оролдсон. Үнэн хэрэгтээ АН, МАН ын цаана нэг л бүлэглэл байгаа. Тэрхүү бүлэглэлээс алийг нь ч сонгосон ялгаагүй хоёр хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Тиймээс МАХН нам дотроо хуралдаж байгаад заавал ч үгүй нам дотроосоо гэж явцууралгүйгээр монголын эрх ашиг,монголчуудын төлөө тэмцэж чаддаг тэмцэгчийг та ард түмэндээ сонголт болгон илгээсэн нь С.Ганбаатар юм.

Манай сэлэнгийн ард түмэн ажилч, хөдөлмөрч, тэмцэгч улсууд байдаг. Тэр ч утгаараа 1921 оны ардын хувьсгал сэлэнгэ нутгаас, Алтанбулагаас эхэлсэн гэдэгт эргэлздэггүй.

Бид өнөөдөр МАН, АН гэсэн олигархи бүлэглэлийг монгол төрийн толгойноос авч хаяхын төлөө тэмцэж байгаа. Энэ тэмцлээ эхлэхийн тулд үүх түүхтэй хоймор нутаг болох сэлэнгэ нутгаасаа сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлж байгаа явдал маань цаанаа учиртай.

Манай С.Ганбаатар нэр дэвшигчийн хувьд тэмцэгч хүн. Гэхдээ энэ тэмцэгч гэдэг алдарыг хэн нэгнээс хүртсэн юм биш өөрийн үйл хэргээрээ үлгэрлэн харуулж чадсан. Сүүлийн 12 жилийн турш С.Ганбаатар тэмцэж байгаа. С.Ганбаатар өөрөө баян болохын төлөө тэмцсэн үү гэвэл үгүй. Өөрийнхөө дэмжлэгтэй компанийг гаргаж ирэхийн төлөө тэмцсэн үү, гадны оффшорчдын төлөө тэмцээд явсан уу гэвэл бас л үгүй юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатар өнгөрсөн хугацаанд тэтгэвэр тэтгэмж, цалинг нэмэхийн төлөө тэмцсэн. Тэр Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа цалинг арван удаа, тэтгэврийг зургаан удаа тус тус нэмэгдүүлж чадсан гавьяатай. Энэ бол түүний тэмцлийн үр дүн” гэсэн юм.



Үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар хурсан олонд хандаж үгээ хэлэв. Тэрбээр, “ Өнөөдөр монгол улсад эдийн засгийн хямрал нүүрлээгүй. Хулгайн хямрал нүүрлэчихсэн байгаа. Энэ бол үнэн шүү. Ард иргэд ажилгүйдэлд нэрвэгдэж ядуурч байхад дээр байгаа хэдэн улсууд тасартлаа баяжиж байна. Оффшорт нуусан хулгайн мөнгөө ч идэж чадахгүй байгаа тэр хүмүүсийг шүүмжилж, зогсоох гэж зүтгэсэн минь ч үнэн. Шанд нь гацаагч гэдэг хариултыг л сонсдог юм. Тэр хүмүүст хяналт тавьж, хариуцлага тооцож чаддаг  болох нь монголын ард түмний туйлийн зорилго. Түмэн олон та бүхэн маань энэ зорилгыг биелүүлж чадах өөрсдийн дундаас төрсөн ерөнхийлөгчтэй болох уу, оффшорчдын ерөнхийлөгчтэй байх уу гэдэг сонголтын ирмэг дээрхүрэлцэн ирээд байна. Энэ эгзэгтэй мөчид монголынхоо хоймор нутагт хүрэлцэн ирж сэлэнгэчүүдтэйгээ уулзаж байгаа минь учиртай. Ямар ч хүн ажлаа эхлэхдээ хатавчнаасаа эхэлдэггүй. Хоймортоо мөргөж, хоймортоо залбирч, хоймортоо хүслээ шивнэж даатгадаг. Энэ утгаараа би сэлэнгэ нутагтаа ирлээ. Та бүхэн минь сайхан хүлээж авч байгаа явдалд баярлалаа.



МАНАН бүлэглэлийн орой дээр байгаа хэсэг хүмүүс надад дургүй маань үнээн. Тэдний эсрэг зогсож байгаа монголын ард түмэн ч бас өнөөдөр ганцаардаж байна. Айдастаа дарагдсан байна. Зарим тохиолдолд тэд маш ихээр эмээж байна. Нийгэм өрөнд баригдахаас гадна айдаст баригдсан байна. Энэ бүхнийг даван туулж тэмцсээр ирсэн МАХН-ын жирийн гишүүд, Н.Энхбаяр гуай амь насаа эрсдэлд оруулан байж өнөөдөр надад монголын төлөө, шударга ёсыг тогтоохын төлөө монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвших энэ түүхэн боломжийг олгосон. Би Ерөнхийлөгч болсон тохиолдолд, ард түмний ерөнхийлөгч хүн юу хийж чадах вэ гэдэг саналаа та бүхэнтэйгээ хуваалцмаар байна. Монгол оронд шударга ёсыг тогтоохын төлөө ажиллах болно, хяналт хариуцлагын тогтолцоог бий болгохын төлөө ажиллах болно. Хянаж хариуцлага тооцох учиртай Ерөнхийлөгч нь өнөөдөр энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас болж монголд маань хулгай нүүрлээд байна. МАН, АН-ын нам дамжсан эрх мэдэлтнүүдийн эх орноо гэсэн сэтгэлгүй, хуйвалдаанаас үүдэж өнөөдөр Монгол орон 24 тэрбум ам.долларын өрөнд орчихоод байна.

Хамт олон минь ээ. Миний бие шатыг доороос  нь шүүрдэх гэж олон жил зүтгэлээ. Би дахиад л шүүрдэнэ. Энэ төрд нүүрлэсэн луйврыг шүүрдэж гаргахын тулд олон жил зүтгэсэн. Дандаа доороос нь шүүрдэх гэж оролдсон. Нэг зүйлийг би ойлгож авлаа. Шатыг доороос нь шүүрддэггүй юм байна. Шатыг дээрээс нь шүүрддэг юм байна. Монголын төрд байгаа хог шаарыг, шатыг дээрээс шүүрдэх замаар цэвэрлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе, сэлэнгэчүүдээ” гэв.



Харин МАХН- ын дарга Н.Энхбаяр Сэлэнгэчүүдэд хандаж хэлсэн үгэндээ, Бидний урилгыг хүлээн авч энд хүрэлцэн ирсэн, сэлэнгэчүүд та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг эрж мэндчилж байгааг хүлээн авна уу. Сэлэнгэ бол түүхэн хувьсгалын өлгий нутаг. Алтанбулагт ардын хувьсгал эхэлсэн учраас  монголчуудын сэтгэлд Сэлэнгэ бол дотно аймаг. Яагаад гэвэл эндээс хорьдугаар зууны тусгаар тогтнолын түүх эхэлсэн. Эндээс хүн болгон бичиг үсэгтэй болох тэр их аян эхэлсэн. Эндээс хүн болгон эрүүл болох тэр их үйл хэрэг эхэлсэн. Эндээс Зөвлөлт холбоотой улстай нөхөрлөж, Зөвлөлт холбоот улсаас буцалтгүй тусламж хөнгөлөлтэй зээл авч өнөөгийн энэ монгол орныг бидний өвөг дээдэс босгосон юм” хэмээн тодотгов.

Тэрбээр цааш нь, “Өнөөдөр монголд үнэхээр улстөр, нийгэм эдийн засгийн гүн хямрал нүүрлэчихээд байна. Үүнийг манай удирдлагад байгаа нөхдүүд  нуугаад, бүх юм сайхан болж байна гэж яриад байгаа болохоос биш айл гэр болгон үүнийг мэдэж байгаа.  Дээд сургуульд суръя гэсэн хүүхдүүд сургалтынхаа төлбөрийг төлж дийлэхгүй байна, цалин, тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхгүй байна.  Энэ нөхдүүд өнгөрсөн жил юу юу гэж амлаад та бүхний саналыг авсаныг мартаагүй байна. Өнгөрсөн жил сонгуулиар цалин нэмнэ гэсэн, нэмсэн үү. Тэтгэвэр нэмнэ гэсэн, нэмсэн үү. Харин эсэргээр тэтгэвэрийн насыг нэмээд зогсохгүй татвар нэмчихсэн. Үүгээр зогсохгүй олон тэрбум төгрөгөөр төрийн ажлуудыг наймаалцсан. Ийм ажлуудыг тэд хийсэн байна. Тиймээс  энэ хүмүүсийг цаашид амласанаа биелүүл, хэрэгжүүл хэмээн шаардах гэж, хэрэгжүүлэхдээ мөнгө идэж байна уу үгүй юу гэдгийг нь хянах гэж С.Ганбаатар маань Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа юм аа.  Би МАН, АН-ын жирийн гишүүдэд хайртай. Тэдэнтэй ойлголцож чаддаг. Тэд бас миний үйл хэргийг дэмждэг гэдгээ илэрхийлдэг. Бид хамтдаа тэмцэж монголоо аврах болон. Шууд хэлэхэд энэ удаагийн сонгууль бол МАН, АН-ын толгойд гарсан, та биднийг хуураад байгаа тэр хүмүүсийг унагаах хэрэгтэй байна. Яаж унагаах вэ. С.Ганбаатарыг сонгож унагаана. Яагаад гэхээр С.Ганбаатар тэднийг хянах гээд байгаа юм.  Энэ муу, муухай зүйлийг засаж, мөнгө төгрөг идээд байгааг нь хянах гээд байгаа юм.



Намайг сонгуульд оруулахгүй бол МАХН -аас өөр хүн дэвшиж чадахгүй гэж тэд бодсон юм шиг байна лээ. Үгүй ээ. Монголыг тэгж басаж болохгүй. Монголын ард түмнийг тэгж басаж болохгүй. Н.Энхбаярыг сонгуульд оруулахгүй байлаа гэхэд өөр хүн тодруулж чадахгүй гэж та биднийг бассан байна. Монголд шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэж, үүний төлөө амь нас, хувь заяагаа өгөхөд бэлэн хүмүүс байна аа. Тэдний нэг нь энэ МАНАН-ын эсрэг, байгалийн баялагийг ард түмэндээ авч өгөхийн төлөө тэмцэж байгаа нь Сайнхүүгийн Ганбаатар юм. С.Ганбаатарыг та бүхэн тэмцэгч гэдгээр нь мэднэ. Энэ хүн зөвхөн тэмцээд явдаггүй. С.Ганбаатар бол өөрийгөө боловсруулсан  өндөр боловсролтой хүн. Англиар С.Ганбаатар бид хоёр хааяа ярилцдаг. Би зарим үгийг нь мэдэхгүй энэ чинь юу билээ гэж С.Ганбаатараас асуудаг. Боловсролгүй хүн англиар ярьдаг юм уу. Өөрийгөө боловсруулна гэдэг бол  хамгийн дээд боловсрол. Багшаар заалгаж муу дүн авч байгаа боловсрол бол хичнээн дипломтой ч гэсэн сайн боловсрол биш. Харин өөрийгөө боловсруулж чадсан, өдөр шөнөгүй ном уншдаг, юм боддог, сэтгэдэг, бичдэг хамгийн гол нь ард түмнийхээ төлөө би тэмцэх ёстой юм байна шүү гэж ухаарч чадсан боловсрол бол хамгийн дээд боловсрол юм. Тийм учраас бид С.Ганбаатарыгаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байгаа юм. Та бүхэн минь угтан хүлээж аваарай. Намайг дэмжие гэж бодож байсан хүн болгон С.Ганбаатарыг дэмжээрэй. Бид хоёр нэг л зорилгын төлөө, энэ улс орноо тусгаар тогтносон хүчирхэг улс болгохын төлөө, байгалийн баялагийг ард түмэндээ шударгаар хувиарлах хувьсгалыг хийхийн төлөө хамтдаа зүтгэж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Сэлэнгэ даяараа түүнийг дэмжиж, хувьсгалын өлгий нутгийн эд эс нь болсон та бүхэн С.Ганбаатарыг сонгож шударга ёсны хувьсгал хийгээрэй гэж уриалж байна. Өөр гарц байхгүй ээ. Ганцхан С.Ганбаатар бол зөь гарц. МАНАН бол гарц биш” гэсэн юм.

МАХН-ын сонгуулийн төв штаб

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)