Улсын үйлдвэрүүдийн алдагдал хямралын эсрэг бодлогын гадна үлдэв үү

2017-05-23 10:01:40

Олон улсын валютын сангаас Засгийн газар зээл авч, эдийн засгийн хямралыг гэтлэн давах төлөвлөгөө боловсруулан ажиллахаа амлаад даруй гурван сарыг үдлээ. Энэ хугацаанд УИХ-аас нэр бүхий долоон төрлийн татварыг нэмэгдүүлж, төрийн үргэлгэн зардлыг бууруулах чамгүй олон гарцыг нээсэн. Тиймээс ч энэ арга замыг нь үгүйсгэх хэрэггүй. Гагцхүү иргэдийн халаасыг тэмтэрч буй долоон төрлийн татвартай зэрэгцээд төрийн өмчит үйлдвэрийн газруудын зардлыг бууруулах, алдагдлыг тэглэх талаар тодорхой нэгэн санал санаачилга гарахгүй байгаа нь өрөөсөн хөл дээрээ босохын үлгэр болж буй гэлтэй. Уг нь нэг боломж нь ард иргэдээс татах татвар байлаа гэхэд нөгөө боломж нь яах аргагүй улсын өмчит үйлдвэрийн газрууд руу чиглэсэн хэмнэлтийн бодлого байх ёстой юм. Учир нь, төрийн өмчит тодотголын дор удирдлагууд нь бизнесийн зарчмаар цалин урамшуулал авдаг, үргэлгэн зардал гаргадаг жишиг өнгөрсөн 20 гаруй жилийн турш бий болж ирснийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ. Гэхдээ үүний тулд өнгөрсөн хугацааны мэдээ, мэдээлэл, баримт материалыг сөхөх шаардлагагүй. Зөвхөн өнөөдөр болон маргаашийн төлөвлөгөөг харахад л хангалттай.

Тухайлбал, нийслэлийн ИТХ өнгөрсөн долоо хоногт хуралдахдаа нийслэлийн өмчит 33  үйлдвэрийн газрыг 24.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах төлөвлөгөөг баталсан байна. Дээр нь, төсвийн ерөнхийлөн захирагч, дарга удирдлагуудын захиран зарцуулах урсгал зардлыг 14 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Харин энэ бүх тоон төлөвлөгөөний урдаас сургууль, цэцэрлэгийн багш, өрхийн эмнэлгийн эмч нарын цалин хөлсийг 628 сая төгрөгөөр танасан байгаа. Мөн нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудад бүхэл бүтэн 24.9 тэрбум төгрөгийн алдагтай ажиллах эрх өгсөн атлаа нийслэлийн төсвийн нийт орлогын 81 хувийг татвараас төвлөрүүлэхээр төлөвлөсөн байх жишээний. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсвийг бүрдүүлэх ачаа бүхэлдээ иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр бууж байна гэсэн юм. Эндээс харахад төрийн өмчит үйлдвэрийн газар ашиггүй ажиллаж болдог, иргэн, аж ахуйн нэгжүүд болохоор цалин, урамшуулал болоод олдсон жаахан ашгаасаа төрд илүү ихийг тушаах үүрэгтэй болж таарах нь.

Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Энэ онд төрийн өмчит долоон үйлдвэрийн газар алдагдалтай ажиллана” гэдэг мэдээллийг хэвлэлд өгөөд удаагүй байна. Уг долоон үйлдвэрийн олонх нь эрчим хүчний компаниад гэдгийг ч зарласан. Үүнийг нь алдагдалтай ажиллах давуу эрх төрийн компанийнх хэмээн ойлгохоос өөр аргагүй. Улс нь ардчилалд шилжээд 27 жил болчихсон, хувийн хэвшил нь ашиг олж, өргөжихийн тулд хөдөлмөрлөөд сурчихсан ийм үед төрийн өмчит үйлдвэрийн газрууд энэ янзаараа алдагдалтай ажиллах эрх эдэлсээр байвал нөхцөл байдал хаашаа эргэх бол. Уг нь УИХ-ын чуулганы танхимд энэ асуудлаар “Төр өмчтэй байх нь буруу. Төрийн өмч ашигтай ажиллаж чаддаггүй. Иймд нэн яаралтай хувьчлах хэрэгтэй” гэдэг шүүмжийг 76 гишүүн нь дор бүрнээ л хэлж, ярьж, шүүмжилж байгаа дуулддаг. Гэтэл бодит байдал дээр “Эрдэнэт үйлдвэр”-ийг хүртэл зуун хувь төрд авах шийдвэр гаргачихаад сууж байна. Хувийн хэвшлийг дэмжих зорилгоо мартаад хувийн өмчийг дээрэмдэж авах шийдвэр гаргасан ч гэж тодотгож болно. Яг үүнтэйгээ адил улсаараа хэмнэх, хямралаас гэтлэх төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэг авсан атлаа улсын үйлдвэрийн газруудад алдагдалтай ажиллах эрх өгөөд байдаг нь ямар учиртай юм бэ. Нэг талд хувийн өмчийг төрд хураана, нөгөө талдаа хураасан өмчөө “Алдагдалтай ажиллаж болно оо, танайх” гээд зөвшөөрөл өгчихдөг. Гол нь энэ бүх мэдээлэл олон нийтэд ил тод байгааг бодолцож, “Хямралыг улсын үйлдвэрийн газруудыг ашигтай ажиллуулахаас эхлүүлнэ” гэж зарлаж, түүнийгээ хэрэгжүүлмээрсэн дээ, дарга нар аа. Эс бол хувийн хэвшлийг үгүйсгэж, төрийн өмчийг алдагдалт, алдагдалгүйг нь үл тоон түлхүүрддэг социализм руугаа эргэн орцгооё.

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)