Ердөө хагас жилийн өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан ажиллагсадтай нь уулзан мэдээ мэдээлэл бэлтгэж байжээ. Энэ үеэр дуулсан хамгийн супер бөгөөд таатай мэдээлэл бол “Хэдийгээр дэлхийн зах зээлд зэсийн үнэ өнгөрсөн гурван жил тогтмол унаж, орлого буурах нөхцөл үүссэн ч эрсдлээ тооцоолж ажилласны үр дүнд манай үйлдвэр 318 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж чадлаа. Зөвхөн энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд 16.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Авлага гэхэд 67 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд өглөгөө 13 хувиар бууруулсан” гэдэг мэдээлэл байв. Түүнчлэн тус үйлдвэрийн Засвар, механикийн заводын хамт олон өнгөрсөн онд 6.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан үйлдвэрлэж, 3.9 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байсан юм.
Харамсалтай нь, энэ бүх сайн мэдээлэл өнгөрсөн зургаан сарын дотор буюу 2017 он гарснаас хойш талаар болж, өдгөө “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа олон улсын арбитрын шүүх дээр дэнслэгдэхэд ойрхон болчихоод байна. Учир нь, тус үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, “Жаст” компанийн ерөнхий захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан байдаг. Үүнд нь тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нар баталгаа гаргаж, гарын үсэн зуран зөвшөөрөл өгсөн. Улмаар “Жаст” компани дампуурахтай зэрэгцэн “Стандарт” банк “Эрдэнэт” үйлдвэрийг олон улсын арбитрын шүүхэд өгч, зээлийн төлбөрөө гаргуулахаар хандсан. Харин шүүхийн шийдвэр “Стандарт” банкны талд гарснаар өдгөө “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд давж заалдах шатны шүүхэд хандчихаад буй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ авч явдаг, хамгийн том төрийн өмчит үйлдвэрийн газар болох “Эрдэнэт”-ийг хууль бусаар зээлийн баталгааны эзэн холбогдогчоор дээрх нэр бүхий хүмүүс хууль зөрчсөн тавьсан гэсэн үг. Энэ нь тухайн үедээ дуулиан дэгдээсэн ч Ч.Ганзориг, Д.Сугар нарын зүгээс “Хуурамч гарын үсэг” хэмээн тайлбарласан. Гэтэл түүнийг нь олон улсын арбитрын шүүхийн шинжээчид “Жинхэнэ гарын үсэг” хэмээн баталсан юм. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” группын авсан нийт зээлийн үлдэгдэл болох 51 сая ам.долларыг төлөх үүрэгтэй болж хувирсан бөгөөд энэ мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр үгүйсгэж “Тийм юм байхгүй” хэмээн мэдээллэж байсан ч олон нийтэд ердөө хоёр хоногийн дараа ил болж байв.
Гэхдээ энэ удаад зээлийн түүх хийгээд эзэн холбогдогчдыг орхиж, гол анхаарал хандуулах ёстой сэдэв бол “Эрдэнэт” үйлдвэр давж заалдах шатны шүүх хуралд орохоосоо урьтаж Лондонгийн арбитрын шүүхэд 532.7 мянган фунт стирлинг болон 51 сая ам.доллартай тэнцэх мөнгийг хамтад нь байршуулах тухай юм. Учир нь, “Эрдэнэт”-ийн талаас энэ мөнгийг байршуулж байж дараагийн шатны шүүх хуралдаанд орох эрхтэй болно. Гэтэл энэ болзлыг тавьсны дараа “Эрдэнэт”-ийн гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн “Манай үйлдвэрт тэр мөнгийг байршуулах эдийн засгийн чадавхи байхгүй” гэдэг мэдээллийг сэтгүүлчид ч, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд ч хийсэн. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэр өдгөө “Жаст”-ын өрийг төлөхөөс өөр аргагүй боллоо гэсэн үг. Энэ тохиолдолд “Стандарт” банкны хоёр жилийн хугацаанд өрнүүлсэн хуулийн маргаандаа зарцуулсан үйлчилгээний төлбөр болон 51 сая ам.долларыг хамтад нь төлнө гэсэн үг.
Гагцхүү үүний цаана яагаад “Жаст”-ын ерөнхий захирал Ш.Батхүү, Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндэсний хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нартай тооцох хариуцлагын асуудал яригдахгүй байна вэ гэдэг нь өдгөө шударга ёсыг нэхэх олон монголчуудын хувьд эгдүүцэл бухимдал төрүүлж буйг сануулахгүй байхын аргагүй юм. Дээр нь, “Монголын зэс корпораци”-иас шилжүүлж авсан 49 хувийн асуудлаар нэхэмжлэгч тал шүүхэд гомдол гаргах нь тодорхой болчихоод байгааг ч орхиж болохгүй. Тэр дундаа, Х.Бадамсүрэн захирал дээрх хариултыг өгөөд 20 хоночихоод байхад Монгол Улсын Засгийн газар энэ асуудлаар тодорхой байр суурь илэрхийлсэнгүй. Ийм байхад “Эрдэнэт” үйлдвэрт эрсдэл үүссэн бодит нөхцөл байдалтай эвлэрчээ хэмээн дүгнэхээс өөр аргагүй болж байна. Уг нь улсын мөнгө улсдаа, хувийн мөнгө хувьдаа л гэсэн зарчим үйлчлэх ёстойсон доо.
Сэтгэгдлүүд :