Хуурамч дипломтой хүн Танзанид шийтгэл хүлээж байхад Монголд нэр дэвшиж байна

2017-05-17 09:31:09

Монгол Улсын Ерөнхийлөгч буюу төрийн тэргүүнд анх удаа хуурамч дипломтой хүн нэр дэвшихээр болсон нь УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар байв. Тэрбээр 2005 оноос оноос эхлүүлсэн улс төрийн карьертаа Монголд төдийгүй Англид их сургууль төгссөн хэмээн бичиж, тэмдэглэж ирсэн ч УИХ-ын гишүүн байхдаа энэхүү намтар нь хуурамч болох нь нотлогдсон юм. Тэр дундаа үүнийгээ “Миний хуурамч диплом хэнд гай болчихоод байгаа юм бэ. Би амьдралын эрхэнд ажил хийх шаардлагатай болж, сургуулиа орхисон нь үнэн. Гэхдээ суралцаж байгаад дундаасаа орхисон. Үүнийгээ он дарааллаар нь тэмдэглэсэн байгаа” хэмээн тайлбарласан нь ч бий. Тиймээс ч хуурамч диплом ашиглан оюутан залууст лекц уншиж, хилийн чинадад суралцах боломж бололцоог өөрөөрөө үлгэрлэн тайлбарлаж, түүндээ итгүүлэн үнэмшүүлж байсныг нь мартаж боломгүй.

Харамсалтай нь, тэрбээр өчигдөр оройн 20.40 минутад МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх авч чадлаа. Авах авахдаа МАХН-ыг шинэчлэн байгуулсан он цагаас эхлэн тус намын төлөө чамлахааргүй хичээл зүтгэлээ зориулсан “Дорнын зам” компанийн захирал Д.Энхжаргал, УИХ-ын гишүүн асан Д.Оюунбаатар, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж нарыг Бага чуулганы гишүүдийн 67 хувийн саналаар ялсан гэж байгаа. Гэхдээ тэрбээр үүнээсээ ердөө 24 цагийн өмнө “Би МАХН-аас нэр дэвших зорилгогүй” хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүүд учирлаж суусан гэдэг. Үүнд нь итгэсэн УИХ-ын гишүү О.Баасанхүү гэхэд л өчигдөр бага үдийн үед хэвлэлд яриад сууж байсан. Гэтэл нөхцөл байдал эсрэгээрээ эргэж С.Ганбаатар Ерөнхийлөгчид нэр дэвшсэн нь энэ.

Үүгээр ч зогсохгүй тэрбээр нэг сарын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би шинэ нам байгуулж, шинэ залуусыг цуглуулж, шинэ улс төрийг эхлүүлнэ” хэмээн зарласан байдаг. Гэсэн ч мөн л урьдын адил энэ хугацаандаа МАХН-ын дарга Н.Энхбаярт уулзаж ярилцах хүсэлт илгээж, өөрийг нь дэмжиж ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн нь хэвлэлийн хуудаснаа тодоос тод бичигдэх болсон юм. Товчхондоо, наашаа харж нэгийг ярьж, цаашаа харж нөгөөг хэлэлцэж явсан болж таарч байгаа юм. Энэ бол түүний гайхамшигтай жүжиглэх чадварын илэрхийлэл. Арга ч үгүй биз, бүхэл бүтэн 10 гаруй жил Монголын ард түмнийг олон олон их сургуулийн дипломоор хуурч чадсан хүний хувьд шүү дээ.

Тэгвэл яг түүн шиг хуурамч дипломтой хүнтэй дэлхийн улс орнууд хэрхэн хариуцлага хүлээлгэж байгаа тухай ганцхан жишээг уншигч танд хүргэе. Энэ бол Танзани улс. Тус улсын Ерөнхийлөгч Жон Магуфули ердөө 15 хоногийн өмнө “Бид бүхэн шинэ ажлын байр бий болгох гэж чармайн ажилласаар ирсэн. Гэтэл төрийн байгууллагуудад хуурамч зэрэг цолтой, бүр дипломтой хүмүүс байсаар байна. Засгийн газар жил бүр 107 сая ам.долларыг хуурамч дипломтой албан хаагчдаас болж алдаж байна” хэмээн мэдэгдээд энэ төрлийн зөрчилтэй 9000 гаруй хүнийг ажлаас нь халж, шийтгэл оногдуулсан байгаа. Гэтэл манайд хуурамч дипломтой хүн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болж байгааг ёстой л “Ариун явдал уу” хэмээн асуумаар. Үүнтэй зэрэгцүүлээд амтар түүхийг нь сөхөх нь ээ “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийг 2005 онд байгуулж, 2006 онд Үндэсний “Соёмбо” хөдөлгөөнийг удирдаж, 2007 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа энэ бүх үлгэрээ ярьсаар, бахархуулсаар явсан гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Бүр болоогүй өнгөрсөн бүхий л цаг хугацаандаа “Шударга ёсны төлөө зүтгэнэ, тэмцэнэ. Зүтгэж байна, Тэмцэж байна” гэж ярьж, ухуулж ирсэн түүний  шударга байж чадаагүйнх нь гэм бурууг УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн 2016 оны сонгуулийн дүн батална. Сонгогчид нь түүнд залилуулснаа мэдсэн болохоор тэр шүү дээ. Гагцхүү ийм хүнийг МАХН юуны учир Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэв гэдэг нь ирэх өдрүүдийн улс төрийн нүүдлээр тайлагдана. Хуурамч дилпомтой хүн Танзанид шийтгэл хүлээж байхад Монголд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна хэмээн дэлхий биднийг харьцуулан элэглэж мэдэх л юм. Ямартай ч, МАХН-ыг түрээсэлсэн С.Ганбаатарын хүсэлд хүлээс байгаа гэж найдая. ХҮН-ий нэгэн адил дараагийн намаа дампууруулахыг нь харахад таатай санагдахгүй л болов уу даа, монголчуудад.

ЖИЧ: Дугаар шилжих мөчид, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МАХН 100 гаруй мянган гишүүнтэй нам. Ийм намаас намтай, намгүй нь мэдэгдэхгүй С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжихгүй. Би УИХ-д МАХН-ын ганц мандатай гишүүний хувьд энэ талаархи албан бичиг, байр сууриа Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр хүргүүлнэ. Манай намын удирдлагууд энэ шийдвэрийг гаргаснаар намайг намаасаа гарахад хүргэж байна” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн байгаа. Эндээс харахад С.Ганбаатарын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эцсийн алхам асуултын тэмдэгтэй хэвээр байх бололтой. Мэдээж өнөөдрийн хувьд шүү.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)