Шөнө дөл 24 цагийн үедт “Эмээлт” зах руу очлоо. Мал, мах худалдаалж дадсан энэ захын эргэн тойронд энэ удаад мал мах бус хувьцаа зарж борлуулах болсон гэдэг дуулиан дэгдсэн болохоор тэр л дээ. Урт цагааны гол талбайд байрлах машины зогсоолд бөөгнөрч зогссон иргэд ойрын хоногуудад “Эмээлт” захад буурь сэлгэсэн гэх юм. Очиж харах нь ээ, 22-ын давааны наад булангаас эхлээд хоёр нь хоёроороо, гурав нь гурваараа, арав нь арваараа хэлхэлдэн зогссон байх. Дулаан хувцаслаж, нүүрээ алчуураар боосон тэдний олонх нь 20-30 насны бүсгүйчүүд. Олонх нь эмэгтэйчүүд байгаагаас харвал амьдралын төлөөх тэмцэл яалт ч үгүй хүүхнүүдийн нуруун дээр буужээ хэмээн бодмоор. Мэдээж найз нөхдөөрөө хөлхөлдсөн залуусын алхааг энд бас үгүйсгэж боломгүй. Гол нь тэдний ийн хэлхэлдэн зогсон шалтгаан нь “Эрдэнэс Тавантолгой” компаниас авах ёстой 1072 хувьцаагаа зарчих санаархал. Ойрын өдрүүдэд хятадууд уг хувьцааг авч эхэлсэн сургаар тэд “Эмээлт” захын ойр орчимд багадаа хоёр, ихдээ зургаа хонож байгаа гэнэ. Ажилтай хэсэг нь өдөртөө яваад шөнөдөө “манаан”-д зогсдог бол цөөнгүй хэсэг нь 24 цагаар жижүүрлэж буй гэх.
Энэ хооронд нь хоёр ч удаа ирж, хувьцаа сурагласан бол сүүлийн хоёр хоногт нэг ч худалдан авагч ирээгүй. Тэр нь хэвлэл мэдээллийнхэн шуугиж, хууль хяналтын байгууллагаас “Хувьцаагаа зарах боломжгүй” гэдэг мэдээлэл хийсэнтэй холбоотой аж. Иймд бидний зорьж очсон шалтгаан тэдний хувьд муу эр дайнд хөөрнө гэдгийг үлгэр мэт санагдсан байхыг үгүйсгэх аргагүй. Гэсэн ч чих тавин чагнаж, ойр зуурынх нь үйлчилгээний төвийг бараадан сураглах нь ээ, олон олон учиг тайлагдах.
Ядаж л хувьцаагаа арилжаалах санаатай ирсэн иргэд ойролцоох цайны газраас нь халуун ус царайчлан бүр 100 төгрөгөөр халуунаа барьдаг аяганд худалдан авч байлаа. Харин түүнээс арай дөнгүүр цайны мөнгөтэй нь нэг аяга сүүтэй цай авангаа ууталж ирсэн талхаа идсэн шигээ суугаа харагдсан. Амьдралын нугачаа бүрийн дундаас мөнгөний эрэл гэдэг яг тулсан үедээ дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хэмээн бодогдоход хүргэх нь бий. Тэд ийм л шалтгаанаар шөнө дөлөөр хажуугаар нь өнгөрөх машин бүрийг царайчилж, амьдралынхаа итгэл найдвар мэтээр нүд дагуулан харах нь ил тод байлаа.
Гагцхүү хоёрхон удаагийн хувьцааны худалдан авалтын үер тэнд зодоон болонгоо алддаг гэх. Яаж ийгээд машинд нь сууж чадвал 800 мянгаас сая төгрөг авах магадлалтай болохоор тэр шүү дээ. Одоо харин иргэдийн хувьцаагаа худалдах санаархал эрс нэмэгдснээс үнэлгээ нь 400 мянган төгрөг дээр унасан аж.
Ямартай ч тэдний ийн нөхцөл байдал дүр зургийг ажиглан харах нь ээ, “Хувьцаа худалдан авна” гэдэг зарлалд итгэж хэзээ нэгэн цагт ирнэ дээ гэсэн итгэлийн хүлээлтээр илүү олон хоногийг ч үдэж чадахаар байна билээ. Ядахад цөөнгүй бүсгүйчүүд нь хүүхдээ дагуулчихсан. Хаврын хавсарган салхин дунд бүтэн 24 цаг ирэх үгүй нь мэдэгдэхгүй худалдан авагчийг хүлээн хүүхдээ хүртэл зовоон, зовоон зогсоно гэдэг яаж ч бодсон амьдрал хэцүү байгаагийн илэрхийлэл юм.
Харин төр засаг үүнд нь анхаарсан шинжгүй. “Эрдэнэс Тавантолгой” компаниас эзэмших 1072 хувьцааныхаа ноогдол ашгаар элбэг сайхан амьдарч болох тухай сурталчилгаа цацаж суухдаа тэд юу бодож байсан юм бэ.
Төдийгөөс өдий хүртэл хувьцааг нь иргэдийнхээ гар дээр тавьж хүчрэхгүй бүр ордоо ч ашиглаж дөнгөхгүй байгаагийнхаа гэм бурууг тэд хэзээ хүлээх юм. Тэгсэн атлаа ийн горьдлого тээлгэснийхээ бурууг тэд “Иргэд ажил хийх ёстой” гэсэн зэмлэлийн үгээр зөвтгөдөг. Гэтэл хийе гэхнээ ажил нь олдохгүй байгааг яагаад ойлгож чадахгүй байгаа юм бэ.
Ийм үед Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны хяналтын хэлтсийн дарга Б.Долгорсүрэн “Эрдэнэс-Тавантолгойн хувьцааг арилжаалах, зарах ямар ч боломж нээгдээгүйг хэлмээр байна. Тухайлбал, хувьцааг арилжиж, мөнгө болгохоор болвол Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо аль, алинд нь бүртгүүлж, албан ёсны шийдвэр гарах ёстой. Гэтэл ямар ч шийдвэр гараагүй учраас хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлээгүй” хэмээн мэдээллээд суух.
Уг нь эрх баригчид амласан, амлалтандаа хүрсэн бол иргэд өнөөдөр 1072 хувьцаагаа зарах гээд, худалдан авагчид нь хулгайч шиг ийн зугтан, зугтан наймаа хийхгүй байсан нь ойлгомжтой. Гагцхүү энэ бол амлалтаа биелүүлээгүй улстөрчдийн, амлалтаа биелүүлээгүйгээсээ ичдэггүй улстөрчдийн төлөө та бидний төлж буй төлбөр болсон нь харамсалтай. Ядаж л иргэдийнхээ 1072 хувьцааг чимээгүй харж суусаар дээрэмдүүлэх үү гэдэгт хариулах албан тушаалтан олдоосой билээ.
Дэлгэрэнгүй >>