Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.06/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймагт болж буй говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”-ий нээлтэд оролцсоны дараа иргэдтэй уулзалт хийв. Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын талаар Өмнөговь аймгийн иргэдэд танилцуулж, мэдээлэл хийв. Танилцуулгынхаа эхэнд Улсын Их Хурлын дарга “Өмнөговь аймагт 1000 тэмээний уралдаан болох гэж байна, нэг дор 1000 тэмээ байх нь гайхалтай харагдах нь лавтай. Гинессийн амжилтаа ахиулахаар мэргэжилтнүүдийг урьж авчирсан байна. Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы завсарлагаанаар хөдөө орон нутагт ажиллах томилолтоо Өмнөговь аймгаас эхлүүлж байна. Өнөөдөр Та бүхэнд 2015 оны намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудын тойм, эдийн засгийн зарим асуудал, бүтээн байгуулалт, бонд, мөн барилгын салбар, ипотек, хөдөө аж ахуйн салбарын талаар мэдээлэл хийнэ” хэмээн хэлэв. Монгол Улсын Их Хурал 2015 оны намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороо 131 удаа хуралджээ. Энэ хугацаанд нийт 426 хууль, 64 тогтоол баталсан ба үүний 29 нь бие даасан хууль байв. 355 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол 11 олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах тухай хуулийн баталсан болохыг Улсын Их Хурлын дарга танилцуулсан юм.
Дэлгэрэнгүй >>